НИТХ-ын төлөөлөгч, ХҮН-ын гишүүн П.Наранбаяр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ хотын даргын үгэнд хариу барив. Тэрбээр “Өнгөрөгч тав дахь өдөр болсон НИТХ-ын нэгдсэн хуралдааны индэр дээрээс Х.Нямбаатар хүнийг үндэслэлгүй гүтгэхийг харлаа. Үнэхээр гайхлаа. Энэ хүн таван сарын дотор тараа таниулж байна. “Суруга Монгол”-ын Гочоосүрэн гэдэг хүнтэй холбож, миний төрсөн дүү гэлээ. Зүүдлээ ч үгүй байхад гэдэг шиг юм боллоо. Надад Гочоосүрэн гэдэг нэртэй ямар ч дүү байхгүй. Ингэж муухай гүтгэж, энэ хэрэгтээ намайг хутгаж байгааг харамсаж байна. Энэ хүний Хуульзүйн сайдын хачин арга барилтай нь тэндээ л байдаг юм байгаа биз. Орон нутгийн өөрөө удирдах байгууллага руу түүнийгээ битгий оруулаад бай. Хотын даргаа хийж чадахгүй бол явж эрүүгийн цагдаагаа хий” гэв.