Жуковын автобусны буудал. 60 гаруй насны эмэгтэй нуруугаараа бөхийж байгаад зам руу нусаа нийж гарлаа. “Та настай хүн байж алгын чинээ нусны алчуур, эсвэл салфетка аваад явж болохгүй байна уу?” гэвэл “За яршиг даа. Илүүдээ гарсан мөнгө алга” гэдэг ичмээр үг хэлдэг байгаа. Суурин соёл иргэшлийн талаар А ч үгүй хүн бололтой.
Цааш алхаж байтал мөн л ахимаг насны эрэгтэй зөв зүгээр явж байснаа гэнэт нусаа нийчих нь тэр. “Та хээр хөдөө яваагүй шүү дээ. Жаахан соёлтой байгаач” гээд хэлээд тавчихлаа. Настай хүн хэрнээ өмнөөс “Хуц солиор” гэж байна. “Нас намбандаа байгаарай” гэвэл үг тусгаж авах шинж даанч алга. Бүдүүлэг, харанхуй хүмүүст үг хэлэх оготны нүхэнд хашгирах хоёр яг адилхан бололтой.
Автобусны жолооч цонхоороо шүлсээ хаяж, хог шидэлж явахыг Улаанбаатарын хаана л бол хаана харж болно.
Хөгшин, залуу гэлтгүй суурин соёл иргэншлийн соёлд суралцахгүй байна. Гудамжны сандал дээр зүгээр ч сууж чадахгүй шүлсээ гоожуулж байдаг арчаагүй залууст эцэг, эхчүүдээс нь гадна ахмад настнууд үлгэр жишээ үзүүлж байх ёстой шүү дээ, уг нь. Гэтэл ахмад хүмүүс нь нус цэр, шүлсээ хаа тааралдсан газраа хаяад байхаар энэ хот чинь өнгө үзэмжнээс эхлээд халдварт өвчинд баригдах нь дэндүү тодорхой. Сүрьеэгийн нян хөрсөнд 40 хоног хадгалагддаг гээд бодохоор арчаагүй хүмүүс нийгэмд мөн ч их гай тарьж байна даа!
Уг нь гудамж талбай, олон нийтийн газарт нус цэрээ хаявал торгох заалт хууль дүрэмд байдаг юм билээ. Түүнийг сахиулж байгаа ч хүн алга, хэрэгжүүлж байгаа ч хүн алга. Монголчууд аа, хэзээ нийгэмших вэ?!
Д.Лхагва