Бага ангийн сурагчдын ачаалал их байгааг багш нар, Боловсрол, шинжлэх ухааны яам, Нийслэлийн боловсролын газар анзаарах цаг болжээ. Найман настнуудыг бодвол зургаатайдаа сургуулийн босго алхдаг хүүхдүүд дэндүү балчир шүү дээ. Цэцэрлэгийн орчноосоо дөнгөж хөндийрсөн бяцхан хүүхдүүдийг нэгдүгээр ангид орсон цагаас нь эхлэн гэрийн даалгавраар дардаг систем Монголоос өөр байдаг болов уу?
Интернэт сүлжээ хэрчихсэн байшинд, утаан дунд амьдарч байгаа хүүхдүүдийн уураг тархи ачаалал даах уу? Гэтэл өглөө 08 цагт хичээлдээ явдаг хүүхдүүд гэртээ ирээд амрах ч завгүйгээр гэрийн даалгавартайгаа ноцолдож байна. Өдөр нь унтаж амрах, тодорхой хэмжээгээр тоглох ёстой тэд маань оройны 23 цаг хүртэл гэрийн даалгавраа хийж байгааг засах цаг болсон шүү.
Өндөр хөгжилтэй оронд бага ангийн хүүхдүүдэд аль болох ачаалал өгөхгүй бодлого үйлчилдэг юм билээ. Тэр хүрээнд хичээлийн хөтөлбөр, багшийн арга барил зурагддаг гэсэн үг. Гэтэл манайд өнөөх л хуучин соц үеийн систем үйлчилсээр…
Гэрийн даалгавар их өгч, хийж амжаагүй хүүхдүүдийг нэмэлт цагаар дардаг арга барил бяцхан хүүхдүүдийн оюун тархийг ядраагаад зогсохгүй, сэтгэхүйн хувьд залхааж байна. Хүүхдийн хичээл хийх хүсэл унтарч, улмаар сургуульдаа явах дургүй болдогийг сэтгэлзүйчид анхааруулаад байхад Боловсрол, шинжлэх ухааны яамны Бага, дунд боловсролын газар, Нийслэлийн боловсролын газрынхан юу хийж байна вэ?
Уг нь Л.Энх-Амгалан сайд сурагчдад гэрийн даалгавар, бие даалт өгөхдөө ачааллыг нь тооцож, сэтгэл зүйн байдлыг харгалзан үзэж даалгавар өгөх зөвлөмжийг ЕБС-иудад өгсөн ч биелүүлдэг багш тун цөөн байгаад дүгнэлт хийх цаг болжээ!
Гэрийн даалгавраар дараад байхаар цаашаагаа суралцах эрмэлзлэл буурах нь тодорхой шүү дээ! Өөрөөр хэлбэл, Ерөнхий боловсролын сургуульд байхдаа ачаалал авч, залхасны улмаар их, дээд сургуульд суралцах хүсэлгүй болсон хүүхдүүд цөөнгүй л байх. Потенциальтай хүүхдүүдийн хувьд л даанч хохиролтой юм даа. Тэдний ирээдүйг Монголын систем унтрааж болохгүй.
Д.Лхагвадорж