Умард Солонгос өнөө өглөө Япон тэнгис рүү хэд хэдэн далавчит пуужин харвасан талаар Өмнөд Солонгосын цэргийнхэн мэдээллээ.
Тус улсын Штабуудын дарга нарын нэгдсэн хорооноос мэдэгдсэнээр, пуужингуудыг өглөөний 9 цагийн үед зүүн нутгийн Вонсан боомт хотоос зүүн хойд зүгт харвасан байна.
Умард Солонгосын тал нэгдүгээр сарын сүүлчээс хойш хэд хэд удаа далавчит пуужин харвах туршилт явуулсан юм. Энэ сарын эхээр явуулсан туршилтын дараа Пёньяны төрийн мэдлийн хэвлэлүүд Шар тэнгист “хэт том цэнэгт хошуу” бүхий далавчит пуужин, мөн зенитийн шинэ пуужин туршсан тухай мэдээлжээ.
Пёньян сүүлд явуулсан туршилтуудын үеэр шинэ “Пулхвасал-3-31” стратегийн далавчит пуужин, мөн цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадалтай “Хвасал-2” далавчит пуужинг туршсан байна. Далавчит пуужингууд нь нам өндөрт нисэж, маневр хийдэг тул тэдгээрийг илрүүлж, сөнөөхөд хүндрэлтэй байдаг. Он гарсаар тус улс тав дахь удаагаа далавчит пуужин харваж байна гэж МОНЦАМЭ мэдээллээ.