2007-2010 оны үед гудамжинд гуйлга гуйсан хүмүүс ховордож билээ. Бараг л харагдахаа больсон. Гэтэл сүүлийн хэдэн жилд мэдэгдэхүйц нэмэгдлээ. Өмнөө цаасан хайрцаг тавиад алхаж өнгөрөх хүмүүсийг царайчлангуй харах өрөвдмөөр төрхтэй хүмүүс хаана л бол хаана сууж байх.
Энэ бол нэгдүгээрт, хөдөөнөөс хот руу шилжих их нүүдлийн сөрөг үр дүн. Хоёрдугаарт, улсын эдийн засаг доройтож, ажлын байр хомсдож, улмаар орлогогүй болсон хүмүүсийн амьдрах сүүлчийн арга нь энэ. Гуравдугаарт, орон гэргүй архины хамааралтай хүмүүсийн шийдсэн хэлбэр.
Ямар ч байсан хүн ам цөөтэй монголчуудын хувьд нэг ч болов хүнийг хөсөр хаяж хэрхэвч болохгүй. Төр засгийн анхан шатны нэгж ажлын хариуцлагаа сайжруулмаар байна. Нийгмийн халамж, хамгааллын цоо шинэ бодлого, хөтөлбөр боловсруулж, шинэ сэтгэлгээ, хандлагаар ажиллах шаардлагатай байна. Нөгөө талаар Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам ажлын байр бий болгох чиглэлээр маш шаргуу ажилламаар байна. Хүн шиг эрдэнэ Монгол байхгүй шүү!
Д.Лхагва