Киночид одоо алаан хядаан, цус нөжөө орхиод ард түмнийг соён гэгээрүүлэх тэр үндсэн үүргээ биелүүлэх цаг болжээ!
Сүүлийн үеийн Монголын шинэ кинонууд бараг тэр чигээрээ араар тавилт, хормойны хэрүүл, үзэн ядалт, өс хонзон, хутга, буу, аллага, хүчирхийлэл, аймшигтай харгис хэрцгий зодоон, цус, нулимс, шорон гяндан, ор хөнжлийн явдал… Муу лалрыг ална, гичийг арчина гэх зэрэг бохир бүдүүлэг үгс зүгээр л энгийн жишээ боллоо. Бүр байчихаад нөгөө П… гэдэг хачиг шиг халдвартай муухай үг киноны урын санд “ориг”-оороо ороод ирэхийг үзлээ. Урлаг өөрийн гэсэн хэл бас хилтэй биз дээ? Хүний тэргүүн дээр архи, пивоны шил хагалах бол юу ч биш. Толгойгоо шилээр хага цохиулаад тэсч үлдэх хүн бий, бас байхгүй. Хэдийгээр кино ч гэлээ дөнгөж “ургаж”, хорвоог таниж ядаж байгаа өсвөр үеийнхэнд манай зарим “урлагийн бүтээлүүд” ямар нөлөө үзүүлэх бол? Жигтэйхэн сайн зодолддог, яахаас ч буцахгүй зүрх цөс ихтэй баахан залуусыг удирдаж, хууль бус хэргээр мөнгөждөг мафийн толгойлогч болохын сайхныг киногоор ойлгуулж яах юм бэ?
Элдэв этгээд үг хэллэг, хараал зүхлийг кино, элдэв сериалуудаас сонсохоороо амьдралыг тэр утгаар нь харж, сохроор хүлээж авах хүүхэд, залуус цөөн биш. Өнөөдөр хүүхэд, залуусын хүмүүжил эвдэрч байна гэх. “Нахальный” гаж хэллэгүүд тайз, дэлгэцэн дээр ч байгаад байхаар тэд агуулга, үр дагаврынх нь тухай эргэцүүлж бодох уу? Урлаг бол өнөөгийн нийгмийн толь гэдэг өнцгөөс нь тайлбарлах нэгэн байдаг. Гэхдээ нийгмийн эмгэнэлт болоод эмгэнэлт инээдмийн үзэгдлийг мөнгө болгож ашиглахыг гол зорилгоо болгож байгаа хэсэг байна гэж харж, дүгнэх хүн олон байгаа юм. Ерөнхий сайдын дэргэдэх Соёл урлагийн зөвлөл үүнд анхаарлаа хандуулах цаг болсон байна шүү! Дахин хэлэхэд монголчуудын зан заншил, харилцааны шинж чанарын онцлогийг харуулсан, ухаарал хайрласан, эргэцүүлж бодох зүйл үлдээсэн, товчхондоо нийгмийн сэтгэлзүйг зөв тийш нь залсан бүтээл үгүйлэгдэж байгааг ойлгох цаг болжээ.
Дэд профессор (СУИС), МУГЖ О. Ичинхорлоо гуай “Урлаг хүний оюуны чадлыг нээж, уран сэтгэцийг өрнүүлэх, зөн авьяасыг бадраах нээлтийн /эврисик/ нөлөөнөөс гадна бодит байдлын үнэнийг дүрсэлж ирээдүйг үзүүлдгээр уран сайхны “прогноз” үүрэгтэй, иймээс урлаг мэдлэгийн эх болохын хамт түүнийг дэлгэрүүлэх хүчтэй зэвсэг мөн учир соён гийгүүлэх ач холбогдолтой. Уран бүтээл хүнд үзэл санааны, оюуны эрч хүчийг бодол ухаан, сэтгэл мэдрэлд нь шингээн өгдөг, сэнхрүүлэх үүрэгтэй юм. Мөн хүн уран бүтээлээс эрч хүчийг сэлбэж тэндээс хүсч мөрөөдсөнөө олж авдаг учир сэлбэн сэтгэх /компенсационный/ чадалтай юм” гэж урлагийн мөн чанарыг тайлбарласан байдаг. Тэрбээр мөн “Уран сайхны хүчээр хүн хүслээ хангаж сэтгэлээ ариусгана. Уран бүтээлийг хүн ард үнэлэн цэгнэж, тэндээс хүмүүжлийн хүч нөлөөг эдэлнэ. Урлагийн нэг гол үүрэг бол сэтгэлийн баяр цэнгэл юм” хэмээжээ. Энэ шалгуураар манай хошин шогчид болоод “детектив” киночдын бүтээлийг нэг хараад үзээрэй. Өнөөдөр социализмын үеийнх шиг цензур урлагийн ямар ч төрөлд байхгүй. Уран бүтээл туурвих эрх чөлөө хангалттай. Манай зарим залуу уран бүтээлчдэд ч авьяас, ирээдүй их байна. Хамгийн гол нь урлагийн өөрийнх нь мөн чанар хэмээх мөнхийн шалгуурт аливаа бүтээл захирагдах ёстой биз дээ? Эртний Грекийн гүн ухаантан Аристотель “Урлаг хүний сэтгэлийг ариусгадаг”, Оросын алдарт зохиолч Ф. Достоевский “Гоо сайхан ертөнцийг аварна” гэж зүгээр ч нэг хэлээгүй юм. “Хүн сэтгэлийн амьтан ажгуу. Сэтгэлийн амьтныг хүмүүн болгогч нь урлаг, соёл” гэж ухаантны хэлсэн үг ч байдаг билээ.
сэтгүүлч Д.Лхагвадорж