Нийслэлд цас орох тусам гэмтлийн эмнэлгийн ачаалал хэрээс хэтэрдэг. Учир нь цасаа арилгах, иргэдийн аюулгүй байдлыг хангах ажил дутуу дулимаг, туйлын хангалтгүй хийгддэг учраас тэр. Ганцхан өдөрт 103 хүн халтирч унаснаас бэртэж гэмтсэн гээд боддоо. Энэ янзаараа бол 10 өдөрт 1000 хол давсан хүнийг гэмтэх аюул хүлээж байна гэсэн үг.
Гэр хорооллоос гадна орон сууцны хорооллуудын орчин тойронд эрсдэл өндөр хэвээр байна. ТҮК-ийн хэдэн ажилтан хэдэн өдөр цас малтаад хүчрэхгүй байна. СӨХ-ийн хэдхэн үйлчлэгч хэр чинээгээрээ цастай ноцолдож байгаа харагдсан. Гэхдээ хүч нь хүрэхгүй байна. Оршин суугчид өөрсдийнхөө аюулгүй байдлын төлөө, хүүхдүүдийнхээ төлөө цас цэвэрлэх ажилд оролцоход яагаад болохгүй гэж!
Хотын шинэ Ерөнхий менежер Ц.Төрхүү халтиргаа их байгаа нь дүүргийн удирдлагууд ажлаа хийхгүй байгаатай холбоотой гэж мэдэгдсэн нь үнэн шүү дээ. Дүүрэг, хорооноос гадна иргэдийн хамтын оролцоо осол аваарын эрсдлийг бууруулна. Уншигч таны харж байгаа энэ шат хүн гишгэх аргагүй харагдаж байгаа биз? Гулгаад унахад шууд зам руу орж, улмаар машинд мөргүүлэх магадлал өндөр байна шүү!
Д.Дорж