Монголч эрдэмтэн Ю.Н.Кручкин: Улаанбаатарт хүмүүс, машин чихэлдэж байна. Нэгэнт машинууд багтахаа больсон бол ямар нэг аргаар хязгаарлах хэрэгтэй. Цахилгаан хөдөлгүүрт шилжүүлэх хэрэгтэй. Сингапурт Засгийн газрын гишүүн, сайд нь албаны машингүй. Тэд такси, метро, автобусаар ажилдаа явдаг. Гэтэл Монголд Засгийн газрын ордны хажууд хэчнээн олон машин байна. Улаанбаатарт том дарга нар нэг газарт ойр амьдарч байгаа. Тэндээс нь тусгай хэдэн автобус явуулахад болно. Ядаж амьдрал мэдрэг. Дарга, албан тушаалтнууд утсаа авч сурах хэрэгтэй. Утсаа авч чадаагүй, ярьж сураагүй юм бол эргээд залга. Монгол дарга нарт ийм соёл байхгүй. Тэр тусмаа сайд хүмүүс чинь танихгүй утаснаас залгасан бол эргэж хэзээ ч залгадаггүй. Ж.Батмөнх дарга өөрт нь хандсан хүмүүстэй эргэж заавал холбогддог байсан гэсэн. Тэр үед мэдээж гар утас байгаагүй. Гэхдээ хэн нэгэн хүн Ж.Батмөнх даргын туслахтай холбогдсон л бол хэн над руу залгасан бэ гээд эргээд залгадаг, холбоо барьдаг байсан. Ж.Батмөнх дарга бүхэл бүтэн улсын дарга байсан хүн шүү дээ. Иймэрхүү жижиг зүйлийг суралцаж, өөртөө хэвшүүлж эхлэх хэрэгтэй. Хамгийн гол нь янгуучлах хэрэггүй. /2020 он/