УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн юм. 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн хэлэлцэх, эсэхийг шийдвэрлэх үеэр санал хураалтыг хойшлуулсан юм. Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахаар товлосон ч Монгол Улсын эрх ашигт нийцсэн хуулийг батлах шаардлагатай хэмээгээд Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг завсарлага хүсэв.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл чухал. Төлбөрийн тэнцлийг сайжруулах, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, технологи нэвтрүүлэх, эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулах, ажилгүйдлийг бууруулах гээд олон талын ач холбогдолтой. Гэвч төслийн талаар маргаж, мэтгэлцэж, Улсын Их Хурлын гишүүд төдийгүй Засгийн газрын гишүүд зөрүүтэй байр суурьтай байна. Тиймээс сайн хэлэлцэж, ард иргэдэд зөв мэдээлэл, ойлголтыг өгөх нь зүйтэй” гээд ажлын 3 хоногийн завсарлага өглөө.