Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж хорих 461-р ангид хоригдож буй иргэн Д.Мөнх-Эрдэнэд уучлал үзүүлжээ. Д.Мөнх-Эрдэнийн хувьд нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан, хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан худал мэдээллийг тараасан гэх гэмт хэргийг үйлдсэн хэргээр ял эдэлж байгаа юм. Түүний хоригдож буй хорих ангид хүний эрх зөрчигдсөн талаар хэл үг гарч, УИХ-ын дарга өөрийн биеэр очиж Д.Мөнх-Эрдэнэтэй уулзсан билээ.