Нүүрсний сонсголд гэрчээр дуудагдсан ч гадаадад яваа гэдэг шалтгаар биечлэн оролцоогүй Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн байр сууриа цахим хуудсаараа дамжуулан илэрхийлжээ. Тэрбээр “Сонсголын хууль амилж байгаа нь зөв. Гэхдээ нүүрсний сонсголоор нүглийн нүдийг хуурах нь буруу. Сонсгол “АН”-аар эхэлж, “Баясгалан”-тай үргэлжилж, “Амарбаясгалан”-тай жаргаж байх шиг. Гол нь сургамж, алдаа ахиж гарахгүй байх орчин. Хууль дүрэм нь хуучнаараа, өмч удирдлага нь төрөөс байвал чухам л хулгай цаашид даамжирна. Үндэсний эрх ашгийг хохироох, харийн зорилгод санаатай үйлчлэх, зохион байгуулалттай улсаа хорлох, хувийн сонирхлоо төрийн бүтцээр дамжуулж гүйцэлдүүлэх, бүтээн байгуулалтыг зогсоох, төрөөс нууцлах замаар луйвар хийх, авлига хулгайг хил дамжуулан үйлдсэн бол, эдийн засаг өсөх, нийтээрээ хожих түүхэн боломжийг хаах, алдагдахад хүргэсэн … Эдгээрийг гэмт хэрэгт тооцохгүй юм бол, энэ хэргийг хэн нэг нь дахиад л үйлдэх болно. Өмчийн хэлбэрээ сонгодог утгаар нь өөрчлөхгүй, иргэддээ уурхайн булан өгнө гэж хуурвал их хулгай хилийн наана цаана үргэлжилсээр л байх болно. Төрийн өмчит улсын үйлдвэр, аж ахуйн нэгжийн өмчлөлийг биржээр дамжуулж, зуун хувь олон нийтийн, хувьцаат болгох. Баялгийг хамтарч бүтээх, хувь эзэмших, хяналт хэрэгжүүлэх боломжийг иргэддээ ялгаваргүй олгох хэрэгтэй. Удирдлагын багийг нь олон улсад зарлаж байгаад хувьцаа эзэмшигчид нь сонгог. Өнөөдрийн идэж ууж буй мөнгөний өчүүхэн хэсгээр тэд хулгайгүй ажиллана.. гэх мэт” гэгчлэн сургааль айлджээ.