Нүүрсний хэргийн өнөөдрийн сонсгол дээр “Нүүрсний хулгайчид 44 их наяд төгрөг завшсан” гэж мэдэгдэж байсан УИХ-ын гишүүн Т.Доржханд “Монгол Улс 2016 оны үе хүртэл нэг хаантай гээд л, барааг нь үзчихээд үхэх юмсан гэж Ц.Нямдорж яриад байдаг байсан. Тэр хүн нь Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэг гэдэг хүн байсан юм билээ. Түүнээс хойш дараагийн нэг хаан гараад ирсэн гэж харагдаад байна. “Голомт” банк, “Бодь”-группийн эзэн Д.Баясгалан гэдэг хүн тэр хаан нь юм байна. Түрүүн хэлсэнчлэн хууль, шүүхтэй нь худалдаж авах аргаар ажлаа явуулж иржээ. Монголын эдийн засгийг банкирууд нь базаад тэнд уул уурхай хийдэг, энэ талд төмөр зам барьдаг гээд энэ чинь дэлхийн түүх. Солонгост яг ингэж явж байсан, ийм үед авлига, хээл хахууль гаарч байсан. Африк, Латин Америкийн түүхүүд ингэж явдаг. Одоо үүнийг таслан зогсоох цаг нь болсон байх” гэж яриад нүүрсний сонсголд гэрчээр оролцож байгаа Д.Баясгалангийн ундууцлыг төрүүлэв.