Нүүрсний хэргийн өнөөдрийн сонсгол дээр Хуульзүй, дотоод хэргийн сайд, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр ЭТТ ХК-ийн захирал асан Я.Батсуурьд хандаж “Таныг Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнтэй нэг хэрэгт чирсэн гэж ойлгож байгаа. Г.Дэнзэн нь 17 тэрбум төгрөгийн нүүрс ачиж буулгах талбайн тендер ялсан. Нүүрс ачиж буулгах талбайн эрх ашиг хөндөгдөхөд ямар бүлэглэл нөлөөлсөн бэ. Таны ярьж буй зүйлс нотлох баримтаар илэрсэн. Нэр бүхий улс төрчид тухайн үед Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, жижиг Тавантолгойн ТУЗ-ийн гишүүдтэй хамтарч Цагаан хадыг үүсгэн байгуулж, монополи үүсгэсэн” гэж асуувал “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь “Цагаан хадны ачиж буулгадаг талбай нь Баяннуурынхных. Ханбогд сумаас газар авчихсан Хятадын компаниуд байдаг. Тэд Цагаан хаднаас ашиг олдог. Уурхайн амнаас Цагаан хад хүртэл Монгол компаниуд тээвэр хийдэг. Харин цаашаа хил хүртэл Монгол жолоочтой, Хятад эзэнтэй компаниуд тээвэрлэдэг. Богино тээврийн зардал нь намайг ажиллаж байх үед өндөр байсан учраас маргаан үүсгэж, “Чалко”-той яриад Цагаан хадыг Засгийн газрын шийдвэрээр хаалгасан. Гэхдээ удалгүй “Баяннуурын бүлэглэл” жагсаал цуглаан үүсгэж, нүүрсний экспортыг хааснаар Цагаан хадыг дахин нээлгүүлсэн. Намайг ажил авахад нүүрс Цагаан хадаар дамждаг байсан. “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрс ачилт буулгалтын талбайг ашиглах талаар тендер зарлахад “Говьпавер” гэх компани шалгарсан. Гэхдээ гүний гааль байгуулагдаад нүүрс шууд тээвэрлэх болсон. Тиймээс нэг ч ажил гүйцэтгээгүй учраас гэрээг цуцалсан. Түүний дараа тэр компани шүүхэд хандсан. Чингэлтэй дүүргийн шүүхээс “танай компани тендер зарлаж ажил удчихаад гэрээг дангаараа цуцалсан. Тиймээс тэр компанийн талбайг худалдаж ав” гэсэн шийдвэр гарсан. 17 тэрбум төгрөг гэдэг нь тэр. Мөнгийг нь өгөхгүй манай компани хэсэг гүрийсэн. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэхийн хүмүүс ирж манай компанийн дансыг хааж байгаад хэдэн сарын дараа мөнгийг нь аваад явчихсан. Цагаан хадны ард талын эзэд нь хэн гэдгийг мэдэхгүй. “Баяннуурын бүлэглэл” үнэхээр хүчтэй. Түүнийг нь хаасны дараа хүн шатсан, жагссан гэх мэт асуудлууд их гарсан” гэгчлэн хариулсан юм.
Я.Батсуурийн хувьд 2008-2012 онд АН-аас нэр дэвшин УИХ-д сонгогдон ажиллаж байсан бөгөөд дараа нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байсан юм. Тэрбээр 2017 онд “хүргэн Дэнзэнгийн” гэх хэрэгт холбогдож хоёр жилийн ял сонсч байсан билээ. Энэ хүн нүүрсний хэргийн гол гэрчийн нэг бөгөөд мафижсан бүлэглэл нүүрсний хэрэгт холбогдсон гэдэг тайлбарыг удаа дараа хэлээд байгаа юм.
Д.Дорж