Улаанбаатарын энэ хүнд хэцүү асуудал өнөөдөр л үүссэн юм биш. Сүүлийн 30 жил хуримтлагдан, улмаар даамжирсаар яваад “хүнд өвчин”-ий хэлбэрээр илэрч байна. Ямар ч нам гараад, ямар ч мундаг сүрхий хүн ч хотын дарга болоод өргөс авсан мэт илааршихгүй. Бодлогогүй явж ирсэний гай ингэж гарч байна. Өнөөдрийн иргэдэд илүү хүндээр тусч байна.
Төвлөрөлийг сааруулна гэж хэчнээн жил ярив? Үр дүнгээ өгөөгүй. Хот руу чиглэсэн нүүдэл огт багасаагүй. Дагуул хот байгуулна гээд л хөөрцөглөөд байсан. Хаана байна вэ? Их, дээд сургуулиудыг хотоос гаргана гэж миний мэдэхийн 20-иод жил ярьж байна. Үлгэр болоод дуусах шив. Одоо зөвхөн зоригтой, шийдэмгий арга хэмжээ л авахгүй бол 10 жилийн дараа байдал улам хүндрэнэ. Цаашид хэрхэхийг ёстой л бидний хувь заяа мэдэх биз ээ. Сошиалд хөтлөгдсөн, дур дураараа хашгирах хүмүүсийн ааш араншинд захирагдсан, тэдний таалалд нийцсэн бодлого одоо ямар ч нэмэргүй.
Хотын даргын ярьж байгаагаар бол юу юугүй метро байгуулах ажил эхлэх юм шиг байна. Гэхдээ метро байгуулахаас илүү орон нутагт амьдрах боломжийг бүрдүүлж, нөгөө мөрөөдлийн дагуул хотоо хөгжүүлэх нь дээр санагдах юм. Угаасаа Улаанбаатарт гишгэх газар ч олдохоо болих нь. Хөдөөнөөс хүмүүс орж ирэх тусам гэр хороолол тэлж, алга дарам газар ч нүдний гэм болж, хөл гишгэх зай хотод үлдэхгүй. Энэ хэрээр нийгэм, эдийн засгийн асуудал хүндрэх нь дэндүү ойлгомжтой. Ядаж байхад нийгмийн сэтгэлзүйд хар сүүдэр бууж, иргэдийн ухамсар, сэтгэхүй улам доройтоод байдаг! Хүн чанар үерийн устайгаа хамт урсаж, утаатайгаа хамт замхарч, түгжрэлтэйгээ хамт гацчихаад байна!
Д.Лхагва