Газын зурвас руу Рафах хилийн боомтоор тусламжийн гурав дахь цуваа нэвтэрч байна гэж Египет, Палестин дахь AFP агентлагийн сурвалжлагчид мэдээлжээ.
Египетийн Улаан загалмай нийгэмлэгийн төлөөлөгчийн хэлснээр, өнгөрсөн бямба, ням гарагт Газын зурвас руу 34 ачааны машин нэвтэрсэн бол даваа гарагт 10 гаруй ачааны машиныг нэвтрүүлсэн байна.
Түүнчлэн гурав дахь цуваа тус зурвас руу нэвтэрсэн болохыг нэгэн тусламжийн ажилтан болон аюулгүй байдлын хоёр эх сурвалж Reuters агентлагт баталжээ.
Газын зурвасын 2.4 сая оршин суугчийн үндсэн хэрэгцээг хангахын тулд өдөрт хамгийн багадаа 100 ачааны машин шаардлагатай гэж НҮБ-ын зүгээс мэдэгдээд байгаа юм.
Батлан хамгаалахын эх сурвалж ням гарагт мэдээлэхдээ, Израилын тал ХАМАС бүлэглэл тусламжийг хураахгүй гэсэн нөхцөлтэйгөөр Палестины энгийн иргэд болон тэндээс нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байгаа хүмүүст зориулж Египетээс Газын зурвасын өмнөд хэсэг рүү хоол хүнс, ус, эмнэлгийн хэрэгслийг нийлүүлэхийг зөвшөөрнө, гэхдээ үүнд шатахуун түлш хамаарахгүй гэжээ гэж Үндэсний мэдээллийн агентлаг МОНЦАМЭ мэдээллээ.