Нийслэлийн гудамж талбай зүйл бүрийн хогоор бохирдсон байх нь хаа сайгүй. ТҮК-ийн ажилтнууд өглөө нь цэвэрлэдэг болохоор 12 цаг хүртэл хотын төв орчмоор арай гайгүй. 18 цаг гэхэд элдэв төрлийн хог хийсч харагдах нь ичмээр дур зураг л даа. Хүүхэд нь идэж байгаа чипснийхээ гялгар уут, уусан ундааныхаа савыг хаялаа гэхэд аваад хогийн саванд хийх ухамсартай хүн цөөн байна. “Заавал хогийн саванд хийх ёстой” гэж хүүхдүүддээ сургах хүн байгаа юм уу?
Ажилгүйчүүдийн “армийнхан” хүүхдийн тоглоомын талбай дээр бөөгнөрч эзэгнэнэ. Архины шилээ хагалаад хүүхдүүд очиж тоглох боломжгүй болгоно. Шүлсээ хаях бол энүүхэнд. Өтгөн, шингэнээ савируулна. Хэдэн бүдүүлэг залуу архи ууж байгаад л байшингийн булан руу сарина. Тэнд нь учраа мэдэхгүй хүүхдүүд тоглож байна.
Хотод ирээд нэг хямдхан машин олж унаад халтуур хийж амьдарна гэсэн хямдхан зорилготой хүмүүс цонхоороо хог хаяна, кабиндаа гал ноцтол тамхи татна, Замын хөдөлгөөний дүрмийг байнга зөрчинө, дээрэм, хүчирхийлэл үйлдэнэ. Хөдөлгөөнд оролцож явахдаа жолоогоо тавьчихаад гар утсаараа видео коллдож солиорно.
Олон нийтийн газар шившигтэй ааш авираараа түрий барьсан хоосон толгойтой авгай хүүхнүүд ч олширч байна. Фейсбүүк дотроо бусдыг хэлэх хэлэхгүй үгээр доромжилж, гүтгэж, нулимж, харааж байдаг шигээ бодит амьдрал дээр яг тийм хүмүүн бус авир гаргаж бүхнийг гутаана. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг. Хэзээ насанд хүрсэн хүмүүс шиг ухаажиж, соёлжих юм бэ? Ийм л хүмүүс Улаанбаатарын нийт оршин суугчдын хэдэн хувийг эзэлж байна вэ? Тэдний бүдүүлэг, дур зоргоороо авирлалт нь эрхээ эдэлж байгаа хэрэг огт биш харин ч бусдын амгалaн тайван, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэнд халдаж байгаа үйлдэл шүү дээ! Америк болон баруун Европт олон нийтийн газарт чанга хашгирахыг хориглодог. Өөр хүмүүсийн эрхийг хамгаалсандаа л тэр.
1990 оноос өмнө Улаанбаатар хот зүлэг ногоо ихтэй, цэвэрхэн хот байсныг гэрэл зураг, баримтат кино нотолдог. Тухайн үед хотын иргэдийн соёлд анхаарч ухуулга сурталчилгааны ажил их хийдэг байсан болохоор орчин ахуй харьцангуй цэвэр цэмцгэр байсан юм. Тэр цагаас хойш бараг нэгэн жаран өнгөрчихөөд байхад ухамсар соёлын хувьд улам доройтоод байж болох уу?
Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгаас хот руу чиглэсэн их нүүдэл тасраагүйн улмаас хотын соёлыг мэдэхгүй хүмүүс олноороо бөөгнөрөх болсон нь үнэн. Үр дүнд нь нийслэлийн өнгө төрх хир буртагтай харагдах болсон.
“Хүүхдүүд орцны гадаа шүлсээ хаяад байна. СӨХ ирж цэвэрлэ” гэдэг ичмээр шаардлага тавьдаг нийгэмшээгүй хүн нийтийн орон сууцанд амьдарч байна. Барьж яваа хогоо хаячихаад СӨХ ирж хогийн саванд авч хий гэсэнтэй л агаар нэг сонсогдож байгаа юм.
Өөрийн гэсэн бичигдсэн болон бичигдээгүй хууль дүрэмтэй нийслэлд амьдарч байгаагаа ойлгож ухаараагүй хүмүүсийн тоо өсөхийн хэрээр ТҮК-ийн ажилтнууд 10 ээлжээр хотын хогийг цэвэрлээд барахгүй!!! Нийгэмшээгүй хүмүүсийн толгойд салхи ороогүй цагт нийслэл хот өнгө төрхөө олтлоо удна! Өсвөр үеийнхэн маань хэцүүхэн уур амьсгал, өрөөсгөл хандлага дунд бойжиж байгаа нь даанч харамсалтай. Тэд хэн болж хүмүүжих вэ?!
Д.Лхагвадорж