Авлигатай тэмцэх газраас хуульд заасан чиг үүргийн хүрээнд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзэж тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх, цаашид хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг баримтлан ажиллах талаар анхааруулж авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт тавин ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж нийтийн албан тушаалтны үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх, иргэд олон нийтийн хяналт оролцоог сайжруулах чиглэлээр олон төрлийн ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж ажиллахаас гадна Авлигын эсрэг хууль тогтоомжид орсон, удирдах албан тушаалтны хариуцлагыг чангатгах, зөрчил гаргасан тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаарх өөрчлөлтийн хэрэгжилтийг хангуулахаар тодорхой хяналт шалгалтын ажлуудыг хийж байна.
Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлтийг оруулж, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн ХАСУМ-ийг Авлигатай тэмцэх газраар хянуулаагүй шууд томилсон тохиолдолд томилсон эрх бүхий албан тушаалтан буюу байгууллагын удирдлагад нь “хариуцлага тооцох” эрх зүйн зохицуулалтыг бий болгосон.
Хууль хэрэгжиж эхэлснээс хойш зарим байгууллагын удирдах албан тушаалтан нь хуульд заасан авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргийг хэрэгжүүлэхгүйгээр нэр дэвшигчийг тухайн албан тушаалд шууд томилдог, томилсны дараа мэдүүлгийг хянуулахаар ирүүлдэг зөрчил гарсаар байгаа бөгөөд Авлигатай тэмцэх газраас зөрчил гаргасан нэр бүхий удирдах албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахаар Баянхонгор аймгийн Засаг дарга, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга, Хөвсгөл аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын дарга нарт албан бичгийг хүргүүлээд байна.
Цаашид нийтийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн ХАСУМ-ийг хянуулж, дүгнэлт гарсны дараагаар нийтийн албанд томилох, хэрэв ашиг сонирхлын зөрчилтэй этгээдийг нийтийн албанд томилсон, мэдүүлгийг хянуулаагүй томилсон зэрэг зөрчил гаргасан байгууллагын удирдлага, эрх бүхий албан тушаалтан нарт тухай бүрт зохих хариуцлагыг тооцож хуулийн хэрэгжилтийг хангуулан ажиллах болно. /АТГ/