БЗД-ийн 41 дүгээр хорооны иргэн Бадам: Манай хотхоны оршин суугчдын фейсбүүк групп гээч юм байдаг. Ихэвчлэн ажилгүй, хэл амаа билүүдсэн, аливааг дандаа харлуулж гутааж суухаас өөр ажилгүй авгай хүүхнүүд ордог юм билээ. “Гадаа хүүхдүүд шүлсээ хаяад байна. СӨХ ирж цэвэрлэ. Хажууд баригдаж байгаа байшингийн хөөсөнцөр хийсээд байна СӨХ болиул. Гадаа яагаад машинаа угааж болдоггүй юм бэ” ч гэх шиг эрүүл хүнээс гарамгүй сонин сонин юм бичдэг хүмүүс олон. Өөрсдөө болохоор орон сууцны соёлын талаар А ч мэдэхгүй шүү дээ. Хогоо хаа тааралдсан газраа хаяна. Орцонд тамхидана, архи ууна. Бусдад шаардлага тавих талаар ямар ч ойлголтгүй. Аймаар муухай амиа бодсон арчаагүй хүмүүс нийтийн орон сууцыг баллаж байна”.
Үнэндээ энэ хүний яриад байгаа шиг нийслэл хот өнгөтэй өөдтэй байх нь нийслэлчүүдээс өөрсдөөс нь хамаарна. Дан ганц хотын даргад бүхнийг даатгана гэвэл бүтэхгүй. Оршин суугаа газраа цэвэр, цэмцгэр байлгах нь тухайн иргэдийн өөрсдийнх нь ухамсраас шалтгаална. Зам талбайд хогоо, цэр нусаа замбараагүй хаяна. Хүүхдийн тоглоомын талбайд архидана. Эвдэн сүйтгэнэ. Тамхины ишээ хүссэн газраа нясална. Явган хүний зам дээр машинаа хаяна. Шаардлага тавьсан иргэний өмнөөс ичмээр хэрэлдэнэ. Нохойгоо хаа хамаагүй баалгаж, шээлгэнэ. Өөрсдөө байшингийн булан тохойд ичихээ үл мэдэн сарина. Орон сууцны орц хуулиараа нийтийн эзэмшил талбайд тооцогддог. Гэтэл тамхи татаж, архи уух орчин болгосон хүн цөөнгүй. Тамхины хяналтын тухай болон Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиар энэ бүхнийг хориглосон байдаг ч нийгэмшээгүй, харанхуй бүдүүлэг хүмүүс ухаарч сэхээрэхгүй байна. Тиймээс хуулийг чангаруулж, хэрэгжилтэд нь хяналт тавихгүйгээр иргэдийн эрх зөрчигдсөөр байх нь. Дунд сургуулийн сурагчид хичээлээ тараад номын санд суухын оронд орц хонгил бараадаж архи, тамхи, мансууруулах бодис хэрэглэж байгаатай хатуу тэмцмээр байна. Тэд өөрсдийнхөө эрхийг эдэлж байгаа юм биш бусдын эрхэнд халдаж байгаагаа ойлгохгүй байгаа учир хуулиар ярих нь зөв.
Д.Дорж