Баянзүрх дүүргийн АН-ын тэргүүлэгчид өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд АН-ын дарга Л.Гантөмөр, тэргүүн дэд дарга С.Баярцогт нарт хандаж энэхүү хэвлэлийн бага хурлыг зарласнаа дуулгав. Тэд ” АН-ын удирдлагууд болох Лу.Гантөмөр, С.Баярцогт нар АН-ын дунд шатны гишүүдтэйгээ ирж уулзаач. Хэрвээ дунд шатныхаа гишүүдтэй уулзахгүй, ажлаа хийхгүй гэж байгаа бол ажлаа хийж чаддаг хүнд нь өгөөд зайлаач ээ. АН-ын 15 дэд даргын нэг Ц.Жадамба гэдэг нөхөр Баянзүрх дүүргийг хариуцаж ажиллахаар болсон. Гэтэл энэ нөхөр Баянзүрх дүүргийн АН-ын үйл ажиллагааг самарч эхэлж байна. Тодруулбал АН-ын ХЭГ-ийн дарга Н.Лхагвадоржтой хамтарч хууль бус, дүрмийн бус томилгоо хийж, Баянзүрх дүүргийн ХЭГ-ийн даргаар нутгийнхаа дүүг томилсон. Иймээс Ц.Жадамбыг Баянзүрх дүүргийн АН-аас савраа тат гэж хэлье” гэгчлэн бухимдав.