Х.Нямбаатар хотын дарга болох нь. Нэгэнт эрх баригч намын удирдах дээд байгууллагын шийдвэр гарсан учраас энэ томилгоог зөв, буруу гэж дүгнэх нь ач холбогдолгүй. Хамгийн гол найдаж байгаа нь Нямбаа сайд “УБ хотын газар олголт, хот төлөвлөлтийг бодохоор гомдмоор, бачуурмаар. Үр хүүхэд, ирээдүй минь үлдэж амьдрах хот. Хайр найргүй, баруун солгойгүй зарсан. Зүү шигдэх зайгүй болтол нь чигжсэн бетонон ширэнгэ. Ийм л хотод бид амьдарч байна. Даанч харамсалтай. Хотынхоо газрыг зарж дуусаад Дархан цаазат Богд уулаа зарсан. Хотхон босгоогүй, ухаж сэндийчээгүй ам гэж энэ ууланд алга. Даанч сайхан Хан уулыг минь сэглээд үлдээлээ. Хэзээ, хэн гэдэг дарга хэчнээн газар олгосон тухай мэдээлэл ил болсон…” хэмээн үнэнийг хэлэн бачимдаж байсан нь найдвар төрүүлээд байгаа юм. Нийслэлчүүдийн хувьд хотын бүх хар бараан асуудлыг мэддэг. Гэхдээ шийдэгдээгүй өдий хүрсэн эмзэг цэг дээр Нямбаатар хатгаж чадвал гол гавьяа нь тэр болно. Үнэндээ Улаанбаатар маань нийслэл хот гэхээсээ аварга суурин шиг л болж хувирсан нь үнэн. Ямар ч хот төлөвлөлт, стандарт байхгүй.
Хүн, машин хоёр нь нэг замаар яваад л байх уу? Монголчуудын эрүүл, аюулгүй, эрсдэлгүй орчинд заналхийлсэн бетонон ширэнгэ нь хаа сайгүй боссоор л байх уу? Гэр хороолол нь 100 жилийн өмнөх дүр зураг шигээ л бараантан сааралтсаар л байх уу? Утаа угаар, хөрсний бохирдол нь улам нэмэгдсээр л байх уу?
Дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ, цахилгааны найдвартай эх үүсвэр гээд Монгол Улсын нийслэлд хүлээгдэж буй асуудал мөн ч их байна даа! Юутай ч Нямбаатарт амжилт хүсье. Дараа нь баяр хүргэе.
Д.Лхагвадорж