Өглөөд дугуй жийж, идэвхтэй дасгал, хөдөлгөөн хийж явтал эртний танил дүү жолооч эмэгтэй замын уулзвар дээр зогсож тааралдав. Дуу алдан мэндэлж уулзлаа. Намайг Шивээхүрэн боомт дээр ажиллаж байхад танилцсан их нүүрэмгий шулуухан охин байж билээ. “Ах аа би дуучин жолооч тэмцээнд оролцож дуулмаар байна. Гэтэл мэргэжлийн дуучин оролцуулахгүй гээд бүртгэхгүй байна” гэсээр орж ирлээ. Хэсэг чимээгүй байснаа “Би тайзан дээрээс дуулдаг гэдгээ харуулах ёстой хүн байгаа юм” гээд хөөрхөн мушилзав. Би зохион байгуулагч хүмүүстээ хэлээд оролцуулахаар боллоо. “Эмэгтэй дуучин жолооч” хэмээх тусгай шагнал ч хүртсэн юм.
Гэтэл өнөөдөр энд ирчихсэн дүнхийсэн том машинаа жолоодчихсон “Уулзвар дээр хөдөлгөөн зохицуулах ажил дээр анхаарахгүй бол энд их түгжрэл үүсгэж байна шүү. Хэнд хаана хандмаар ч юм бэ?” гэсээр зогсов. “Баярлалаа дүү минь нэг селфи хийе” гэж зураг авч үлдээд хоёр тийш хөдөллөө. Тиймээ тэнгэрлэг бүсгүй энд бас нисч явна. Тэр бас кабиндаа тэнгис далай шиг айзам аялгуугаар дуулж л яваа. Алтан шар зам нь өлзийтэй сайхан байг ээ.
Б.Баярнэмэх