Аж үйлдвэр бол аль ч улсын тулгуур багана, эдийн засгийн хөдөлгөгч хүч. Харамсалтай нь ид хийж бүтээх насны эрүүл чийрэг сайхан залуус хүнд хүчир ажлаас зугатаадаг болжээ. Болж л өгвөл биеийн амрыг харж, амар хялбар аргаар мөнгө олохыг илүүд үзэх хандлага хүрээгээ тэлэх шинжтэй. Бүтээн байгуулалтын ажилд оролцож, амьдралаа авч явахын оронд аар саархан жижиг наймаа хийх, эсвэл лангууны ард гар утас зарж, засаж амьдрахыг илүүд үзэх юм.
Бульдозерийн жолооч, гагнуурчны ангид орохоосоо цааргалж тогооч, гар утасны засварчин, хүргэлтийн ажилтан гэх мэт биеэнд амар ажлаар хоолоо олж идэх сонирхол давамгайлж байгаа нь цаагуураа улсын эдийн засгийн хөгжилд сайн нөлөө үзүүлэхгүй л байх. 20 гаруй насны залуус ТҮЦ-т эвшээж суух шиг гуниг байх уу? Ид хөдөлмөрлөж байх насны залуус хүнд хүчир ажлаас зугатаагаад байхаар хэн зам, барилгын ажилд оролцох юм бэ? Хэн шавар, будаг зуурч, хэн эрийн шандас сорьсон ажил хийх болж байна вэ?
Д.Лхагва