Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал барилга, байгууламж ашиглалтанд оруулах улсын комиссын дүгнэлтүүд, барилга, түүний эзэмшигчдийн мэдээлэл хийлээ. Н.Учрал сайд танилцуулгадаа “Барилга, хот байгуулалтын яамнаас 2008-2023 оныг хамарсан улсын комиссын 8404 дүгнэлт ирүүлснийг www.shilen.gov.mn д байршуулаад байна. “Шил” ажиллагааны хүрээнд өнгөрсөн тавдугаар сард хэн, хэзээ, хэнд, ямар үндэслэл, зориулалтаар, хэр хэмжээний газрыг 23 жилийн туршид хэрхэн олгосныг ил болгосон. Үүн дээр нэмж барилга байгууламж ашиглалтад хүлээн авах улсын комиссын нэр, бүрэлдэхүүн, архитектур төлөвлөлтийн мэдээлэл нээлттэй болсноор газар олгохоос эхлэн, барилга, байгууламжийг хүлээн авах хүртэлх бүх үйл явц бүрэн бүтнээрээ бүх нийтийн шууд хараа хяналтад орж байна. Туул голын ай сав дахь “Ривер вилла” хотхоныг 2021 оны 10 сарын 01-ний өдөр Хотын стандарт орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газраас зохион байгуулсан 40 гишүүнтэй улсын комисс хүлээн авсан. Захиалагч нь иргэн С.Нямдаваа, гүйцэтгэгч “Босоо цамхаг” ХХК, барилгын зураг зохиогч “Эгэл” ХХК, эзэмшигч нь “Маршал комфорт” ХХК. Нийслэлийн засаг дарга М.Энхболд 2002, 2003, 2004 онд, Д.Сумъяабазар 2022 онд газар олгожээ. Амины орон сууцны зориулалтаар газар авсан атлаа орон сууцны хотхон барьсан байтал улсын комисс хүлээж авсан. Комиссын дарга нь С.Төмөрдулам, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын дарга. Нарийн бичгийн дарга нь Ж.Жүгдэрмаа НМХГ-ын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч. НМХГ-ын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Э.Энхсайхан, байгаль орчин, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Ч.Энхчимэг, УСУГ-ын менежер Т.Баасанхүү, ОБЕГ-ын Барилгын зураг төслийн хяналтын тасгийн дарга Б.Мягмаржав нарын зэрэг 40 хүний бүрэлдэхүүнтэй комисс хүлээн авсан. Энэ өргөн бүрэлдэхүүнтэй комисс архитектур төлөвлөлтийн даалгавар нь амины орон сууцны зориулалтаар гарсан байтал орон сууцны хотхон барьж хууль, журам зөрчсөнийг үл хэрэгсэн ашиглалтанд хүлээн авсан байна.
Дунд голын ай савд баригдаж байсан “Акуа гарден” хотхонд тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга Э.Бат -Үүлийн 2013 А/951 захирамжаар “Эм Энд Жи ХХК-нд 2013.10.18-ны өдөр ногоон байгууламж гэх зориулалтаар анх газар олгосон.
Хотын дарга асан С.Батболд 2018 А/1111 захирамжаар үйлчилгээ, усан парк, спорт цогцолбор, Д.Сумъяабазар 2022 А/17 захирамжаар худалдаа, нийтийн үйлчилгээ, цогцолбор, орон сууцны зориулалтаар газар олгосон байна. Барилгын ажлыг түдгэлзүүлсэн, ашиглалтанд ороогүй учраас улсын комисс ажиллаагүй.
Цаашид газар ашиглах, эзэмших, цуцлах, шилжүүлэх, хугацаа сунгасан тухай захирамж, барилга байгууламж ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлтийн мэдээллийг “egazar.gov.mn” газрын нэгдсэн цахим системд бүрэн дүүрэн тусгах, архитектур төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, иргэний шууд нээлттэй хараа хяналтанд илүү хүртээмжтэй болгох онцгой шаардлага тулгарч байна” гэгчлэн дурдсан байна.