УИХ-ын ээлжит сонгуулийн хугацаа улам ойртож байна. Арван сар хүрэхгүй хугацаа үлдлээ. АН харин эвлэж амжаагүй л байна. Уг нь өмнөх хэдэн жилийг бодвол нэг даргатай, нэг тамга тэмдэгтэй болж авсан ч цаашаа явдаггүй ээ. АН-ын бүтэц зохион байгуулалттай холбоотой шийдлүүд гацаанд ороод байгаа юм. Нэг үгээр хэлбэл, өнгөрсөн жилүүдэд ил явагдаж ирсэн зөрчлүүд далд хэлбэрт шилжчихээд байна.
Үүнээс болоод АН-ын дарга Лу.Гантөмөр ч томоохон шийдвэрүүд гаргаж чадахаа больжээ. Тэрбээр тамга атгасан, дарга нэртэй л сонгууль угтсан өдрүүдийг өнгөрөөж байна. Түүнд АН дахь фракцуудын “толгойлогч” нар хамгийн ихээр саад болж буй аж. “Хэрэв ингэвэл тэгнэ”, “Чамайг тэгвэл ингэнэ шүү” хэмээх болзол, шантаажтай тулгарсаар байгаа гэсэн үг.
Эдгээрээс Лу.Гантөмөрт хамгийн их дарамт шахалт үзүүлж байгаа хүн нь Х.Баттулга болоод байгаа бололтой. Эх сурвалжуудын ярьж буйгаар АН генсекээ сонгож томилох, ҮБХ-ны гишүүдээсээ татвар түрээсээ авах зэрэг хөдөлгөөн хийх бүрт нь Х.Баттулгын зүгээс мушгиж “тоглоод” байгаа гэнэ.
Тодруулбал, генсекийн томилгоо болохоор Х.Баттулга “Би өрсөлдөнө” гэж айлгаад зогсоочихдог. ҮБХ-ны гишүүдийн татвар авах хугацааг тов тогтоогоод, “Татвараа өгөхгүй бол ҮБХ-ны гишүүнээс хасна” гэхээр “ҮБХ-нд бүрэн ротац хийе” гээд гараад ирдэг.
Х.Баттулга одоо бүх аймаг сумдаар тойрохоор гарч байгаа юм байна. Өвөл, арваннэгдүгээр сар хүртэл үргэлжлэх “аялал”-аасаа Лу.Гантөмөрт “бэлэг”-тэй ирж магадгүй гэнэ. Тэр нь юу юм гэхээр жил бүрийн арванхоёрдугаар сарын 6-нд болдог хурал дээр “Анхан шатны гишүүд Лу.Гантөмөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гээд судалгаа тооцоо бариад босоод ирж магадгүй л юм байна. Энэ мэтээр Х.Баттулга Лу.Гантөмөрийг “оролдсоор” байх нь. Харин 2023 он дуусаж, 2024 оны сонгуулийн товлолт хугацаа эхэлж АН, Лу.Гантөмөр хоёр СЕХ-нд бүртгүүлснээр сая “амрах” бололтой байна.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин