Орон сууцны өргөтгөлийн хүнсний дэлгүүр рүү орлоо. 30-аад насны хоёр залуу “300-хан төгрөг дутчихлаа. Наад архиа өгчихөөч” гэж касс эмэгтэйгээс шална. Нөгөөх нь “Үгүй ээ” гээд гүрийчихэв. Нэг нь над руу харснаа “Ах туслаач” гэв. “Наад хоёрынхоо тэр дутаад байгааг нь над дээр биччих”… Өдрийн халуунд архиндаа нэмж халуурсан хоёр бөөн баяр гарч одов. “500 хүрэхгүй төгрөг л дутсан байна ш дээ” гэж намайг илүү үг хэлбэл 40 гаруй насны касс эмэгтэй “Хор худалдаж авч байгаагаа мэдэхгүй юм даа. Ид хийж бүтээх ийм сайхан залуучууд амьдралаа ч, эрүүл мэндээ ч бодохоо больжээ” гээд уртаар санаа алдав. “Чиний зөв” гэхээс өөр хэлэх үг олдсонгүй. Ашиг орлогоо гэхээсээ адилхан хүнээ гэсэн сэтгэл нь харагдав.
Д.Дорж