УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржхандтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Чуулган өндөрлөсөн энэ өдрүүдэд таны хувьд хаагуур, ямар ажил амжуулаад явж байна вэ?
-Чуулган өндөрлөсний дараа Монголын эдийн засгийн форум амжилттай зохион байгуулагдлаа. Гадаадын 500 гаруй хөрөнгө оруулагч оролцон мэдээллээ авч, Монгол буцаад бизнесээ хамтарч хийхэд бэлэн гэдэг мессежийг авлаа. УИХ дахь цөөнхийн намын даргын хувьд форумд оролцож, аль ч нам Засгийн эрхэнд гарсан ба хөрөнгө оруулалтад урт хугацааны таатай бодлого явуулна гэдгийг мэдэгдлээ. Учир нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр нэг нам дангаар засаглах боломжгүй болсон. Цаашид улс төрийн намууд улсынхаа хөгжил, бодлого дээр хамтарч илүү тогтвортой Засгийн газар байгуулагдана гэсэн үг.
Үр дүнд нь нэг нам нь засаглахаар гадны хөрөнгө оруулагчдыг урьдаг, нөгөөх нь хөөж туудаг байдал үгүй болно гэсэн үг. Зөвхөн гадны хөрөнгө оруулагчаас гадна дотоодын хөрөнгө оруулагчдыг дэмжсэн бодлого тогтвортой хэрэгжих боломж бүрдэнэ. Бид 30 жил улаан цэнхрээрээ хуваагдаж, улсынхаа хөгжилд дэгээ тавьж ирснийг засч байгаа үйлдэл юм. Энэ мессежийг гадны хөрөнгө оруулагчид маш таатай хүлээн авснаа уулзалтын дараа илэрхийлж байсан. Зарим хөрөнгө оруулалтын банк, сангууд манай эдийн засгийн ирээдүйн төсөөллийг маш өөдрөгөөр хийхэд Үндсэн хуулийн өөрчлөлт том нөлөө үзүүлж байгааг онцолж тэмдэглэж байв. Одоо бид алдах эрхгүй. Улс маань ялах биш манай нам ялах нь чухал, би дарга болох нь чухал гэж хавтгай халамж тараадаг, попордог үйлдлийг зогсоох нь бидний гэрийн даалгавар болоод байна.
-Өнгөрсөн хаврын чуулганыг дүгнэж хэлбэл таны хувьд ямархуу чуулган болсон гэж үзэх вэ. Эрх баригч намын хувьд авлигын эсрэг тэмцсэн чуулган боллоо гээд байгаа шүү дээ?
-Юм бодитоороо сайхан биз дээ. Айхтар хулгайтай тэмцсэн чуулган юм шиг боловч үр дүнг нь манай хуулийн байгууллагууд наадмын өмнөхөн баллуурдаад эхэлсэн. Өнөө гурван долоо хоног иргэдэд нээлттэй хэлэлцсэн Хөгжлийн банкны хэргүүдийг бүгдийг нь цагаатгасан шийдвэр гаргасан. Бүх хулгай нь Хөгжлийн банкны түр хорооны шинжээчдийн дүгнэлт, баримтаар нотлогдоод байхад улс төр, бизнесийн томоохон акулуудаа торгосон болоод харин Хөгжлийн банкинд ажиллаж байсан цөөхөн жараахайг хорьсон. Хэрэгждэггүй хууль, үр дүнд хүрдэггүй Засгийн шийдвэрүүд нь юуг харуулж байна гэхээр манай хуулийн байгууллагуудын хараат бус, биеэ даасан байдал огт байхгүйг бидэнд ойлгуулж байна. Бид ер нь өнгөрсөн 30 жил хуулийн салбарын боловсон хүчинд хөрөнгө оруулаагүй юм байна. Одооноос хуулийн салбарын мэргэжилтнүүдээ баруунд бэлтгэж эхлэхгүй бол энэ салбарын хоцролт нь эдийн засгийн салбараа хойш татаж унагаах хандлага ажиглагдаж байна.
-Тэгэхээр хаврын чуулган үр дүнгүй болсон гэсэн үг үү?
-Та асуусан шүү дээ, авлигатай тэмцсэн чуулган болж чадсан уу гэж. Би үгүй ээ гэж хэллээ. Харин хууль батлах ажлын хүрээнд хаврын чуулган маш үр дүнтэй, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болон бусад салбаруудын томоохон шинэчлэлүүдийн ард гарч чадсан. Чуулганы эхэнд би хэвлэлийн хурлаар мэдэгдэж байсан даа. Үүлэн чөлөөний нар шиг ховорхон боломж бидний өмнө байна. Үүнийг алдалгүй суурь тогтолцоогоо засах үүрэг нь энэ хаврын чуулганд байна гэж. Ямартай ч чамлахаар чанга атга гэж, хийж чадсан шүү.
-Цаашид авлигын үзүүлэлтийг бууруулах, тэр дундаа төрийн бүх шатанд авлигалыг бууруулахын тулд ямар эрх зүйн зохицуулалт, ямар өөрчлөлт бидэнд хэрэгтэй вэ?
-Авлигын индексээр урагшилсан зүйл байхгүй байна. Харин зарим хэрэгтэй хуулиуд батлагдсан. Тухайлбал, нийтийн албан дахь ашиг сонирхлыг зохицуулсан хууль батлагдсан. Үр дүнд нь та нэг бол улс төрөө хий, үгүй бол улс төрөөс гараад бизнесээ хий гэж. Гол агуулга нь төр, бизнесийн хооронд хана босгож байгаа нь сайн. Гэхдээ хэрэгжилт дээрээ яахыг харах л үлдээд байна. Ер нь авлигыг бууруулах үндсэн арга нь данхайсан төрийг жижиглэх шүү дээ. Би байнга шүүмжилсээр ирсэн. Монголын ДНБ-ий 80 хувийг төр хийж байнаа гэж. Төсөв нийт эдийн засгийн 35-40 хувь, төрийн өмчит компаниуд 20 хувь, харин эдгээр компаниудын алдагдаж буй орлого нь 20 хувь байна гэж. Ийм тохиолдолд авлига буурах боломжгүй. Төрийн өмчийг олон нийтийн нээлттэй компани байдлаар яаралтай хувьд шилжүүлэх шаардлагатай. Төрийн үйлчилгээг концессоор хувийн секторт даатгах гээд дэлхийд туршигдсан сайн аргуудыг зоригтой ашиглах хэрэгтэй. Манайд эсрэгээрээ төрийн компаниуд нь ялсан намын хэтэвч, төрийн бүтцүүд нь сонгуульд ялах нэгжүүд болчихоор авлига буурахгүй байгаа юм. Тэгэхээр цаад шалтгаан нь сонгууль, улс төрийн намын хатуу гишүүнчлэл болчихож байгаа юм. Тийм зүйл ярихаар 30 жил засагласан хоёр намын эрх ашиг хөндөгдөөд хөшигний ард зад тэврэлдчихдэг юм билээ. Иймд нэг бол энэ хоёр намыг эрүүл залуус орж шинэчлэх, үгүй бол аль алиныг нь Монголын улс төрөөс зайлуулж байж Монгол авлигагүй байх, цаашлаад хөгжих үүд хаалга нь нээгдэнэ гэдэгт илтгэлтэй болсон.
-Хаврын чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийсэн. Уг өөрчлөлтөөр ирэх УИХ-ын сонгуулийг бид холимог системээр явуулж, УИХ-ын 126 гишүүнийг сонгох ёстой. Энэ нь парламентын чадавхыг нэмэгдүүлнэ гэж байгаа. Өөр ямар өөрчлөлт, үр дүн том зургаараа бий болох вэ?
-Маш том өөрчлөлтийн суурь тавигдсан. Нэгдүгээрт засаглал солигдох, нэг хүн засагладаг буюу Ерөнхийлөгчийн засаглалд шилжих эрсдэл буурсан. Ингэснээр Монгол цаашид ардчилсан, эрх чөлөөтэй, тусгаар улс байна. Хоёрдугаарт улс төрийн намууд хулгай дээр хамтардаг биш, хөгжлийн бодлогод нэгддэг болно. Гуравдугаарт тойргийн төсөв биш хөгжлийн төсөв болон томоохон дэд бүтэц, төслийг санхүүжүүлэх боломж бүрдэнэ. Маш олон сайн үр дагаврыг монголчууд хүлээн авах болно. Цаг хугацааны л асуудал. Учир нь ХҮН намын судлаачид, мэргэжилтнүүд дэлхийн 200 гаруй улсын хөгжлийг судалж байгаад хийсэн дүгнэлт дээр үндэслэж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг санаачилж УИХ-аар батлуулж чадсан юм. Монголчууд нийтээрээ нэг том алхсан шүү. Цаг хугацаа харуулна биз дээ.
-ХҮН намын хувьд ирэх сонгуулиар хэрхэн оролцох вэ. Танай намын хувьд намын жагсаалтаар гаргаж ирэх хүмүүсээ ямар байдлаар сонгох вэ?
-Бид өөрсдөө энэ асуудлыг дэвшүүлж, нийт 21 аймаг болон есөн дүүргээр явж иргэдэд мэдээллээ өгч, ойлгуулж явсан тул улс төрийн манлайллаа өөрсдөө үзүүлэх ёстой гэж үздэг. Энэ бол зарчим. Иймд ХҮН намын жагсаалт нь улс орны хөгжлийн болон салбарын бодлоготнууд, нийгэмд таалагдахгүй ч улсдаа хэрэгтэй асуудлаар гал барьж чадах улстөрчид, нэр цэвэр залуус, эмэгтэйчүүд, ахмад мэргэжилтэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэн гээд нийгмийн төлөөллүүд орох болно. ХҮН жагсаалт үнэлэх зэрэг улс төрийн наймааг огт хийхгүй.
-Зарим улстөрчид ХҮН намыг эрх баригчдын төсөл гэдэг. Яг ямар учир байна?
-ХҮН нам анх үүссэн түүх нь маш энгийн бөгөөд иргэд, залуусын органик нэгдэл байсан. Ялангуяа гадаадад олон жил сурсан, амьдарсан залуус болон Монголд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг клубүүд нийлээд улс орон маань буруу тийшээ явчихлаа, бүгдээрээ шүүмжлэх бус оролцъё гээд 2015 онд шинэчлэн байгуулсан. Харин үүссэн цагаасаа хойш их ад үзэгдсэн л дээ. ХҮН нам дангаараа УИХ-ын сонгуульд орж үзээгүй гэвэл итгэх үү. 2016 оны сонгуульд ХҮН орвол санал хуваана гээд тухайн үеийн эрх баригч нам нь Ерөнхийлөгчтэйгөө нийлээд оруулаагүй нь үнэн. 2020 оны сонгуулиар мөн тухайн үеийн ерөнхийлөгч нь оруулахгүй гэж хуулийн байгууллагыг ашиглаж байв. Учир нь АН-ын саналыг хуваана гэж үздэг. Ийм болохоор хуучин удирдлага болон одоогийн залуусынх нь жаргах замын садаа нь ХҮН болоод байгаа юм. Харин МАН-ын хувьд өөрт нь наах тусам ашигтай, учир нь АН-ын санал хуваагч гэж нийгэмд ойлгуулбал өөрсдийх нь дэмжигчдээс алдахгүй гэдэг. Хөгжилтэй шүү дээ, энэ ах намууд.
Гэтэл Монгол Улс парламентын засаглалтай. Олон нам, олон ургальч үзлийг хүлээн зөвшөөрсөн ардчилсан үндсэн хуультай, ардчилсан улс байдаг. Гэхдээ бид найман жил эд нарын дүрмээр тоглосон. Харин УИХ-д нэг суудалтай болсных өөрийн тоглоомын дүрмээ тулгах боломж бүрдсэн. Одоо ХҮН-ийг хэндээ нааж харлуулах нь эдний ажил, харин бидний ажил бол маш тодорхой. Жингэр нохой хуцаж л байдаг, жингийн цуваа явж л байдаг гэдгээр бид урагшаа харж улс орныхоо хөгжлийн асуудал, эдийн засгийн бодлогууддаа илүү анхаарч ажиллана. Харин авлигач, хулгайчидтай нэр төртэй тэмцэнэ, ард нь заавал гарна.
-Удахгүй хичээл сургууль эхэлнэ. Тэр утгаараа Улаанбаатар хотын түгжрэл, нийгмийн бухимдал гээд асуудлууд эхнээсээ гарч ирнэ. Мөн энэ зун хур бороо элбэгтэй учир нийслэлчүүдийн хувьд ихээхэн хүндхэн зун болж байна уу гэж харж байгаа. Эдгээр асуудлуудыг хэрхэн шийдэх вэ, цаашлаад хэнд хариуцлага тооцох ёстой вэ. Иргэдийнх нь эрх ашиг зөрчигдөж, зарим нь амь насаа хүртэл алдаж байна. Үүнд хэн буруутай вэ?
-Тантай санал нэг байна. Улаанбаатар хотод бүртгэлээр нийт монголчуудын 50-аас дээш хувь, харин бодит байдалд 60 хувь нь амьдардаг. Гэтэл сая болсон үерээс шалтгаалж иргэдийн амь нас, хөрөнгө их хэмжээгээр сүйдлээ. Гэтэл хариуцлага хүлээх дарга байхгүй. Учир нь иргэд хотын даргаа сонгодоггүй, харин нам даргыг томилдог гаж системтэй. Хэрэв санаж байгаа бол одоогийн хотын даргыг УИХ-ын гишүүнээс чөлөөлж, хотын даргаар томилохыг чуулган дээр эсэргүүцэж үг хэлж байсан ганц гишүүн нь ХҮН намын төлөөлөл байсан. Бүгд инээгээд л өнгөрсөн. Мөн жилийн өмнө нийслэлийн төлөөлөгчдийн хурал дээр үер болон байгалийн гамшгаас урьдчилан сэргийлж төсөв тавихыг шаардсан ганц төлөөлөл нь ХҮН намынх. Бүгд инээж л харагдана лээ. Хэрэв томилсон нам нь хотынхоо даргад хариуцлага тооцохгүй бол ирэх сонгуулиар иргэд намд нь хариуцлага тооцох болно гэдэгт итгэлтэй байна.
-Нийслэлчүүдийн хамгийн их ярьдаг асуудал бол утаа. Тэр утгаараа Засгийн газраас энэ өвлийн эхэн сард хагас коксжих нүүрсээр хийсэн түлшийг 45 хоног түлэх туршилт хийнэ гэж байна. Мэдээж энэхүү туршилтыг хийхэд тодорхой хэмжээний санхүүжилт орж байгаа. Үүнийг Нийслэл бонд хэлбэрээр босгох ёстой гэнэ. Үүнд та ямар байр суурьтай байна вэ. Хятад улс руу түүхий нүүрс зараад, буцааж хагас коксжсон нүүрс авах нь зөв үү?
-Ирэх жил сонгууль болно. Өвөл хүйтэн болдог гэдэг шиг өвөл утаа айсуй. Сонгуульдаа ялж л байвал бонд зарж өр тавиад ч хамаагүй, Хятадаас нүүрсээ өндөр үнээр буцааж аваад ч хамаагүй, намынхаа сайдын наймааг дэмжээд ч хамаагүй утааг дарсан баатар болж сонгуульдъя гэдэг зураг харагдаад байна. Гэтэл Улаанбаатар хотын бондыг авах дотоод зах зээл байхгүй. Гадагшаа заръя гэвэл ам.доллараар 10 хувиас дээш гарна. Асар их зардалтай гэсэн үг. Тэгэхээр хэнд зарах вэ. Өмнө сонгуулийн зорилготой гоё нэртэй хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн нэг л байгууллага бий. Тэр нь Монголбанк. Мөнгө хэвлээд бол оо. Гэтэл үүнээс шалтгаалах үнийн өсөлт, ханшны алдагдлыг хэн үүрэх вэ. Ийм хөгийн луйврын схем, өөрийн уурхайн нүүрсийг урагшаа гаргаж угаалгах мэт бохир наймаа сэдэж байгаа бол Засгийн тэргүүн үүнийг зогсоох, хариуцлага тооцох шаардлагатай. Хэрэв тооцохгүй бол сонгуулиар иргэд тооцох болно.
-УИХ-ын намрын чуулган аравдугаар сарын 1-нд эхэлнэ. Намрын чуулганаар хэлэлцэн батлах гол хуулийн нэг бол улсын төсөв. Өөрөөр хэлбэл сонгуулийн жилийн төсвийг та нөхөд хэлэлцэж батална гэсэн үг. Ямар байдлаар төсөв орж ирэх бол?
-Сонгуулийн жилийн төсөв тул өндөр зардалтай, маш хүнд төсөв орж ирэх нь тодорхой. ХҮН олон эдийн засагч, судлаачдыг агуулдаг улс төрийн инстүүцийн хувьд төсөв дээр маш хатуу байр суурьтай ажиллана. Бас иргэддээ өмнөх жилүүдийн адил төсвийг задалж, мэдээллийг өгөх болно. Тиймээс орж ирэхээр нь энэ асуудлыг илүү тодорхой, дэлгэрэнгүй ярилцъя, тэгэх үү.
“Өдрийн сонин” ( Э.Мөнхтүвшин)