Такси барилаа. 40 орчим насны эмэгтэй жаахан охиныхоо хамт халтуур хийж явна. Хамгийн аюултай нь гар утсаараа кино үзээд үе үе “ухаан алдах” нь даанч хэцүү. Тэсэлгүй “Өмнүүр чинь хүн орвол юу болохыг мэдэж байна уу?!” гэж асуувал хариу хэлсэнгүй. Ийм хүмүүс мөн ч олон бна даа!
Зам тээврийн ослын улмаас 2019 онд 49 хүүхэд, 2020 онд 64 хүүхэд, 2021 онд 51 хүүхэд, 2022 онд 31 хүүхэд амь насаа алдсан байна. Хот, хөдөөгийн замд гарч буй ослын 90 гаруй хувь нь жолооч нарын буруугаас үйдэлтэйг Тээврийн цагдаагийн газраас анхааруулж байгаа хэдий ч осол аваар мэдэгдэхүйц буурахгүй байгаа нь дэндүү харамсалтай статистик.
Орон нутгийн замд хурд хэтрүүлэх, гүйцэд түрүүлэх, архи хэрэглэсэн үедээ жолоо барих, машин техникийн аюулгүй байдлаа хангаагүй зэргээс олон хүн цаг бусаар хорвоог орхидог. Харин нийслэлийн хувьд ухамсар хариуцлагаа уландаа гишгэсэн жолооч нараас болж л мөн л өчнөөн олон хүүхэд, хүмүүс ээж, аав, элгэн саднаа сэтгэлийн тамд унагасаар хорвоог орхиж байна.
Гэрлэн дохио зөрчдөг, урсгал сөрдөг, хурд хэтрүүлдэг, эгнээ байраа огцом сольдог, согтуугаар жолоо барьдаг, замын хөдөлгөөнд оролцож байхдаа гар утсаа эрсдэлтэй хэлбэрээр ашигладаг зэрэг цэвэр жолооч нарын буруутай үйлдлээс болж цөөхөн монголчууд цаг бусаар хорогдсоор байх уу?! Хичээл сургууль эхэллээ. Дүрэмгүй жолооч нар заналхийлж байна.
Д.Дорж