Төв шуудангийн зүүн талын зам дээр жолооч нар солиорчихов уу гэлтэй сигналаа орилуулж эхэллээ. Уг нь Тээврийн цагдаагийн албан хаагч замын хөдөлгөөнийг зохицуулж байсан юмсан!
“Хоёрхон сартай нярай хүүхдээ тэврээд явж байтал “Ган хийц” гэсэн автобусны жолооч сигналаа маш удаанаар орилуулсан. Өмнөх автобусны жолоочдоо уурлаад тэр шүү дээ. Үүнээс болоод хүүхэд маань хүчтэй цочиж, улмаар тархинд нь цус харвасан. Нярай хүүхэд тэврээд явж байгааг харсаар байж үл тоодог жолооч нэртэй хүний адаг олон байна” гэж нэгэн ээж сэтгүүлчдэд уйлан ярьж билээ.
“Би Энхтайваны гүүрэн дээр алхаж явтал машинтай явж байсан дүү маань таньчихаад зогссон. Суухын хооронд л ард талын машины эргүү жолооч ухаан мэдрэлгүй сигналддаг байгаа. Зогсохыг хориглосон газар биш шүү дээ. Үнэндээ 10 секунд ч хүрээгүй. Тиймэрхүү жолооч нар мөн ч олон хүнийг бухимдуулж, ажлын бүтээмжийг нь бууруулж гай тарьж явдаг байх даа’ гэж нэгэн найз маань уурсаж байна. Иймэрхүү жишээ маш олон байдаг. Ганцхан минутын тэсвэр тэвчээргүй жолооч нэртэй адгууснуудаас болж Улаанбаатарын дуу чимээ хэрээс хэтэрлээ. Дүрмээ барьдаггүй, дуут дохио өгөхийг хориглосон газруудыг ч үл тоодог хөндий толгойтнууд нийгэмд механик стресс үүсгэж байгаад анхаарал хандуулж, хариуцлага тооцох цаг болж.
Цагдаа автомашины хөдөлгөөнийг зохицуулж байхад л ар араасаа сигналаа чарлуулдаг тэр малнуудын толгойд юу бодогдож явдаг бол? Хөгшин настай хүмүүс хэрээс хэтэрсэн чанга дуу чимээг дийлэхгүй. Тархины хөгжил нь бүрэн гүйцээгүй нялх балчир хүүхдүүд ямар цочролд орохыг таашгүй. Гадаадын өндөр дээд хэмжээний зочдоос гадна жуулчдад маш таагүй сэтгэгдэл төрүүлж, дахин ирэх хүслийг нь унтраах нь ойлгомжтой. Бусдыг гэх ухамсаргүй жолооч нэртэй оркуудад хатуу хариyцлага тооцохыг иргэд шаардаж байна!
Д.Лхагва