Автобусанд 70 шүргэж яваа насны нэгэн эмээтэй ойр зуурын яриа өрнүүлэв.
-Ахмад хүнийг, тухайлбал таныг автобусанд ороод ирэхэд хүүхэд, залуучууд суудал тавьж өгдөг үү?
-Урд цагийнх шиг биш ээ. Нэг л хойрго. Дуртай дургүй л босч өгөх юм. Бид залуу байхдаа автобусанд сууж явж сураагүй юм. Санаа зовоод ердөө болдоггүй байлаа. Одооны зарим хүүхдүүд их аминчхан, хүнийг өрөвдөх, хайрлах сэтгэлгүй болжээ. Эцэг, эхээсээ л болж байгаа юм даа. Багш нар ч хүн ёсны тухай, ахмад хүнийг хүндлэх тухай ярьж хэлэхээ больчихсон бололтой. Өөрсдөө хөгшрөхгүй юм шиг хүнийг ойлгох сэтгэлгүй болсон байна. Харамсалтай. Эртээд нэг өвгөн орж ирээд “Алив миний хүү цаашаа зай гаргачих. Өвөө нь сууя” гэтэл 16 орчим насны хүү “Яаж багтдаг юм” гэж хэдэрлээд… Бүр уурссан. Өвгөн “Тэгвэл чи босоод өгөөч. Хар халуунд хөл муутай хүн зогсч явахад хэцүү байна” гэж байж нэг юм суусан. Өөрийнхөө эмээ, өвөө, аав, ээж шигээ бодох ухаан алга. Би нэг удаа Налайх руу бүр зогсоогоороо явсан. Баахан хүүхдүүд суучихаад нэг нь ч босч өгөөгүй.
–Суудал тавьж өгөхгүй болохоор нь та хэлдэг үү?
-Удаан явахаар ууц нуруугаар хатгаад, хөл өвдөөд хэцүү шүү дээ. Тэрийг хүүхдүүд ойлгодоггүй юм. “Гэртээ хэвтэж байхгүй үхсэнээ хийж тэнэдэг юм” гэж нэг охин намайг загнасан удаатай. Хүн байна даа, гарч орох ажил хэнд ч гарна ш дээ. Ядаж л эмнэлэгт үзүүлэх хэрэг гардаг. Хүний тооноос хасагдчихсан биш хаашаа явахыг минь сэтгэл муутай хүүхдүүд заах юм гэнэ. Өнөөдөр л гэхэд би 1 дүгээр хороололд байдаг өндөр настай ах дээрээ очих гээд явж байна.
Эмээ бид хоёрыг ийн ярилцаж явахад чихэндээ чихэвч хийсэн хөвгүүд, охид хагас зүүрмэглэн суудалд тухална. Хажууд нь настай хүмүүс дэмий л босоод өгөх болов уу гэсэн горьдсон харцаар ширтэнэ.
Ц.Улам