Өчигдөр орсон түр зуурын хүчтэй аадар борооны улмаас уулын уруй үер бууж “Монел”, “Дахь-Эх”-ийн иргэд ихээр хохирлоо. Машин тэрэг зүгээр л урсаж байгаа харагдсан. Хүний амь нас ч хохиров. Энэ асуудалтай холбогдуулж Улсын онцгой комиссоос дөнгөж сая шуурхай мэдээлэл хийлээ. Шадар сайдын хувьд цаашид ч үерийн аюул нүүрлэх эрсдэл байгааг анхааруулав. Үерийн аман дээр буюу эрсдэлтэй газар буусан хүмүүст буруу бий. Гэхдээ газрын зөвшөөрөл өгсөн холбогдох эрх бүхий хүмүүс хамгийн их буруутай гэдгийг Х.Булгантуяа сайд онцлоод хэний үед, яагаад газрын зөвшөөрөл олгосныг нарийвчлан шалган тогтоох шаардлагатай гэв. Үнэн хэрэгтээ хотхонуудаас гадна гэр хорооллуудад үерийн аюул нүүрлэж байгаа нь хот төлөвлөлт алдсаны л үр дагавар шүү дээ. Газрын зөвшөөрлийг баруун солгойгүй өгч ирсний сүүдэр өнөөдөр ингэж иргэдийг дайрч байна. Үүнд зөвхөн өнөөгийн эрх баригчдыг буруутгах нь учир дутагдалтай. Хотын үе үеийн эрх мэдэлтнүүд, газрын албаныхан, улсын комиссынхон буруутай.
Бүр цааш нь ухаж бодвол хөдөө орон нутгаа хөсөр хаясны гай ингэж гарч бна. Бүсчилсэн хөгжлийн үеэл баримтлал гэж нэлээд хэдэн жилийн өмнө ярьж байсан ч ямар ч засгийн үед шийдэгдээгүй өдий хүрлээ. Орон нутгийн хөгжлийг дэмжсэн бол нийслэл рүү цуврах их нүүдэл өнөөдрийн түвшинд хүрэхгүй байх байлаа. Нөгөө талаар хөдөөгийн иргэд ч гэсэн нутаг орондоо амьдрах боломжийг эрж хайж, өөрийнхөө төлөө зүтгэхийн оронд бэлэн амьдрал хайж хот руу чиглэх хэрэггүй байсан юм. Дэлхийн байгаль, цаг уурын өөрчлөлт улам ихэсч байгааг НҮБ-ын тэргүүн саяхан анхааруулсан нь манайд ч хамаатай нь ойр ойрхон орж буй аадар борооны үр дагавараас харагдаж байна. Цаашдаа яах вэ?!
Д.Лхагвадорж