“Долоогийн бүлэг” болон хөгжиж буй орнуудын өндөр түвшний төлөөлөгчид Киевийн дэвшүүлсэн энхийн төлөвлөгөөний талаар хэлэлцэх гэж байгаа талаар Украины тал батлан мэдээлжээ.
Саудын Арабад болох үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүдийн уулзалтын бэлтгэл ажил явагдаж байна гэж Украины Ерөнхийлөгчийн тамгын газрын Андрей Ермак лхагва гарагт нийгмийн сүлжээний хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.
Түүний хэлснээр, уулзалтад оролцогчид Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн дэвшүүлсэн 10 заалт бүхий энхийн төлөвлөгөөний талаар хэлэлцэнэ. Уг саналд Оросын цэргүүдийг гаргах зэрэг заалт багтжээ. Энх тайвныг НҮБ-ын Дүрэм, Украины тавьсан нөхцөлүүдэд тулгуурлан тогтоох ёстойг А.Ермак хэлсэн үгэндээ тэмдэглэсэн байна.
Дипломат эх сурвалжуудын мэдээлснээр, хэлэлцээ Саудын Арабын баруун нутгийн Жидда хотноо бямба, ням гарагт болно. Данид зургаадугаар сард болсон эхний уулзалтад “Долоогийн бүлэг” болон Энэтхэг, Бразил, Турк зэрэг хөгжиж буй орнуудын аюулгүй байдлын асуудал эрхэлсэн төлөөлөгчид оролцсон юм.
А.Ермак мөн Украины төлөөлөгчид Украинд суугаа Элчин сайд нартай ч мөн холбоотой байгааг дурдаад, Киев энхийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд дэлхийн удирдагчидтай дээд хэмжээний уулзалт зохион байгуулахыг гол зорилтоо болгоод буйг онцлон тэмдэглэжээ гэж NHK мэдээлснийг МОНЦАМЭ уламжиллаа.