Арын сайхан хангай нутгийн маань түүхт 100 жилийн ойн баяр улсын наадмын хэмжээнд зохион байгуулагдлаа хэмээн олон хүний амнаас сонслоо.
Төрлөх нутгийн маань аймаг, сум орон нутгийн удирдлагуудаас эхлээд наадмын арга хэмжээнд гар бие оролцсон хэн бүхэн эрвийх дэрвийхээрээ чармайж ажилласан нь бүх зүйл дээр ажиглагдаж байлаа. Орхон, Тамир, Хануй, Хүннүгийн сав газарт эртний төрт улсын голомт болсон эл нутагт зуун жилийн ойд зориод ирсэн гадна, дотны хүн бүрийг найрсаг дотноор хүлээн авч, хүрч үйлчлэхийг зорьж байв. Энэхүү хичээл зүтгэл нь наадамчдын сэтгэлд хүрч, ёстой л Өргөөтийн тал дүүрэн өргөн дэлгэр, өнгөтэй сайхан наадаж, эрч хүч, энерги бэлэглэсэн жинхэнэ сайхан “монгол наадам” боллоо. Түүхт 100 жилийн ойгоо эртнээс сайн бэлдэж, хэдэн сарын өмнөөс эхлэн төсөв, төлөвлөгөөний дагуу олон төрлийн арга хэмжээнүүд зохион байгуулжээ.
Хүндэтгэлийн арга хэмжээ, шүтээн болсон Булган ууландаа зул өргөх ёслол гээд олон сайхан хөтөлбөрүүдийг 100 жилийн ойн баярын хоногуудад төлөвлөгдсөн байлаа.
Нутгийн сайхан наадмаас олж харсан, бахархал, талархал бялхсан “олзоо” Та бүхэнтэйгээ хуваалцахыг хүссэн юм.
Бахархал, талархал 1
Миний хувьд нутгийн наадам, нутгийн ойн баярт хүндэт зочноор оролцохоос илүүтэйгээр залуу үеэрээ бахархаж, омогшиж суулаа. Нэн ялангуяа наадмын бэлтгэл, зохион байгуулалт, найруулга, шинэлэг шийдлүүд онцгой байв. Олон сайхан залуус тал талаас гар нийлэн ажилласан тухай ам сайтай байна.
Эл тал нутгийн газар шороонд хөлбөрч, тунгалаг усаар ундаалж хүн болсон соёлын нэрт зүтгэлтнүүд, одууд, нутгийн авъяастнууд, хүүхэд залуучуудын оролцсон наадмын нээлт, хаалтын ажиллагаа нь нүүдэлчдийн түүх соёл, уламжлал, зан заншлыг өвөрмөцөөр харуулсан найруулга бүхий сэтгэл догдлуулсан олон гайхамшигтай үзүүлбэрүүдээс бүрдсэн байв. Тэр дундаас жинхэнэ морьтон монголчууд гэдгийг бүрэн утгаар нь харуулж чадсан наадмын талбайд асан дүүхэлзсэн 100 гаруй морьтон дайчдын үзүүлбэр байлаа. Эл үзүүлбэр нь морин дэл дээр хүн болсон монголчууд төдийгүй гадны жуулчдын цөсийг хөөргөж, омогшуулсан тоглолт болов. Сэтгэл огшиж, нулимс гарлаа гэсэн олон хүнтэй таарлаа. Ийнхүү бүхний сэтгэлд хүрсэн наадам болжээ. Тус наадмыг чимсэн бүх уран бүтээлчид, оролцсон хүүхдүүддээ талархсанаа илэрхийлье.
Бахархал, талархал 2
Өргөн цэлгэр тал нутагт эрийн гурван наадмыг жинхэнэ Монгол утгаар нь зохион байгуулахад зориулан үзэгчдийн суудал, үйлчилгээний хэсгүүдийг орчин үеийн хэв маягтай хослуулан тохижуулсан нь олны талархлыг хүлээсэн оновчтой шинэлэг шийдэл – шинэ ноу-хоу болжээ. Ялангуяа чингэлэгүүдийг цэнгэлдэх хүрээлэн болгон тохижуулж, үйлчилгээ, худалдаа, үзвэрийн шийдлүүдийг нэг дор урлаж, бүтээсэн нь хүмүүс эмх цэгцтэй үйлчлүүлэх бүрэн боломж олгож байв. Чингэлгийн дээр суудал тавьсан нь тун сонин зохиомж байв. Үүнээс олон сум, төвүүд үлгэр авч болох юм. Олон мянган хүн цугларсан наадмын талбайг аймгийн төвөөс алсдуу бүтээн босгосон нь түгжрэл, ачаалалгүй болгосноос гадна наадмын суудлаас алсын бараа харагдаж, талын монголчууд ийнхүү задгай газар нааддаг уламжлалыг сэргээж чадлаа. Энэхүү сайхан тал нутгийн өвөрмөц дэвжээг өөрсдийн санаачлага, эд хөрөнгөөр бүтээсэн хувийн хэвшлийн дүү нараараа бахархаж, талархал илэрхийлье.
Бахархал, талархал 3
Манайд болдог аль ч наадмын талбай хогтой, ундуй сундуй орчин, хүн морьдын хөлд талхилагдсан дүр зургаар үргэлжилдэг.
Гэвч энэ удаа тун өөр дүр зураг угтлаа. Наадамчин олон, үзэгчид үнэхээр бахархалтай, эмх цэгцтэй, цэвэр цэмцгэр наадах гэж хүн бүр л хичээж байлаа. Цэнгэлдэх дотор ч, гадна талбайд ч хогоо эл задгай хаясан нь бараг үгүйтэй адил, бас наадмын зохион байгуулалт өндөр байсантай холбоотой юу хөндий дүүрсэн тэр олон наадамчдын машин тэрэг, асар майхан бүхэн эмх цэгцтэй, сахилга бат, дэг журамтай наадаж байгаа нь хүн бүрт үнэхээр эерэг дүр зураг болон үлдлээ. Өндөр дээрээс дроноор авсан зургийг хархад эртний түүхт монголчуудын хүрээ хотоо байгуулсан зохиомж сэтгэлд шууд бууж байлаа. Энэ бүхнийг хархад нутгийн 100 жил гэсэн баяр хөөрөөс гадна “нутгийн нэр хүнд” гэсэн хариуцлага нь зохион байгуулагчид, наадамчин олны сэтгэлийн мухарт хадаастай мэт. Нутгийн зон олон бие биедээ хүндэтгэлтэй, элэгсэг дотно, найрсаг хандаж байгаа зэрэг нь үнэхээрийн бахархууштай, талархмаар санагдлаа. Архангайхан 100 жилийн ойгоо “Аялья, Наадья, Тухалья” хэмээх уриан доор хийсэн нь жинхэнэ утгаараа аялуулж, наадуулж, тухлуулж батлагдлаа, бахархал төрүүллээ.
Бахархал, талархал 4
Наадмын өдрүүдэд мандах нарнаас үдшийн бүрий тасрах хүртэл сум бүр нутгаасаа төрөн гарсан ардын авъяаслаг уран бүтээлчдийнхээ урлаг соёлын арга хэмжээ, үзүүлбэрүүдийг тасралтгүй үзүүлэн таниулж, сум орон нутгаа сурталчилав. Тэдэнд зориулж тусгай тайз засаж, тоног төхөөрөмж тавьжээ. Ийнхүү Архангайн 100 жилийн баяр наадам зочдыг уйдаахгүй, үзэх, сонсох, цэнгэх, үргэлжлүүлээд дурсаж ярих зүйл тун ихтэй үлдээлээ. Ардын тайзан дээр уран бүтээлээрээ олныг баясгасан бүх хүмүүст талархая.
Бахархал, талархал 5
Аймгийн удирдлагын гэрүүдийн хоёр талаар сумуудын иргэд, зочдыг хүлээн авах төв гэрүүдийг тун сайхан зохион байгуулалтайгаар барьжээ. Түүнээс гадна сум бүр уугуул иргэд тухлах 10-аас доошгүй гэр барьсан гэнэ. Сумууд төв гэртээ нутгаасаа гаралтай хүн бүрийг зориод очиход сумын удирдлагууд нь найрсагаар хүлээн авч, ололт амжилтаа танилцуулан, арын сайхан хангай нутгийнхаа айраг, ааруул, идээ шүүсээр дайлж яриа хөөрөөг бүх сэдвээр чөлөөтэй өрнүүлж байсан нь тун таатай санагдлаа. Үүнийг би зохион байгуулалтын оновчтой нэг шийдэл байлаа хэмээн дүгнэн суулаа. Сумынхаа гэрээр баримжаа аван ангийхан, хамт олон, ахан дүүс цугларч байлаа.
Бахархал, талархал 6
Баяр наадмын гол баясгах арга хэмжээ болох эрийн гурван наадамд хүчтэй хүү нь түрүү авч, шандастай хүлэг нь торгон жолоогоо өргүүлж, эрхийдээ эрчимтэй нь мэргэн харвааныхаа байг авч байлаа. Өөрөөр хэлбэл, наадмыг сүүдэр мэт дагадаг ямар нэгэн будлиан, маргаан, булхайгүйгээр ёстой л дэнж хотойтол шударга сайхан наадаж, эрийн хүчийг үзлээ.
Бүр талархмаар нь “нутгархаж, жалгархаж”, “манай танай” хэмээн хана, хэрэм татсангүй. Эл дэнжид хүний нутгийн хүү давах болгонд, хүний нутгийн эрхий мэргэн харваачдыг байгаа онох бүрд, хүний нутгийн эрчит хурдан хүлгүүд айрагдах болгонд нутгийн зон олон маань хүний өөрийн гэж ялгалгүй уухайн түрлэг хадаан алга нижигнүүлэн ташиж, урам хайрлан, жинхэнэ цэнгэл омогшил өдөөж байв. Үнэндээ Монгол гэдэг нэгэн дээвэр дор амьдарч байгаа элэг, цус нэгт монголчууд гэдэг том агуулгаа санан, эв нэгдлийг манлайлж, хангай шигээ сэтгэж, хайрхан шигээ хүндэтгэл үзүүлж байгаагийн жишээ болж чадав.
Үнэндээ энэ дүр зургийг хараад бид эв эеийг хичээвэл ямар ч сайхан үлгэрлэлийг үзүүлж чадах нь гэсэн нутаг орноороо, зон олноороо цээж дүүрэн бахархаж, бахдал төрж, цаашид өөрийн зүгээс үүнийг бэхжүүлэх ямархан хувь нэмэр оруулж чадах вэ хэмээн бодож суулаа.
Монголчууд бид “эвт шаазгай буга барьдаг” гэж ярьдаг шүү дээ. Бүх Монголоороо нэгдэж, нийлж чадвал манай ард түмэнд хийж чадахгүй, хүчрэхгүй зүйл гэж нэгээхэн ч үгүй бизээ.
Бахархал, талархал 7
Өдөр шөнө, нар салхинд олны амар тайван баярлах, наадамлахыг хангаж байсан бүх цагдаагийн албаныхан, зохицуулагч нартаа талархаж байна. Тэд иргэдтэйгээ тун найрсаг хандаж, зам байршил асуухад элэгсэгээр хариулж, машин унааг нь эмх цэгцтэй байрлуулж байлаа. Ер нь энэ наадмаар ууж идэхээ хэтрүүлсэн, олныг бусниулсан гаж зүйлтэй таарсангүй. Бас ард олон маань ч зуун жилээрээ тавтай наадхыг хичээсэн байх. Хог хаях, морь харах, баавгай намнах цэгүүдийг ч олноор байгуулжээ. Худалдаа, үйлчилгээнийхэн маань ч сайхан дайлж байлаа. Мөн наадмын ажлын хэсгийхэн ч тун их анхаарч, зохион байгуулалтыг оновчтой сайн хийжээ. Үүрэн утасны нэмэлт антенууд тавигдсанаар наадмын сонинг хуваалцах, бие биентэйгээ төвөггүй уулзахад тун их нэмэр боллоо. Хүүхэд тоглуулах талбай гээд л хичээл зүтгэл гаргасан жижигхэн гэхгүй зүйл иргэдэд тун тухтай, таатай байлаа.
Бүх зохион байгуулагчид, хандивлагч нарт гүн талархал илэрхийлье.
Бахархал, талархал 8
Бусад наадмаас ялгарч харагдсан нэгэн зүйл нь залуучууддаа, залуу үеийнхэндээ хандсан арга хэмжээнүүд, тэдний хүсэлд нийцсэн наадмын тоглолтууд зэрэг олон сайхан зүйл илүү ихтэй байлаа. Хэсэг бүлгээрээ залуус маань үндэсний хувцас, морьдоороо ижилсэн баяр баясгалантай наадаж буй нь эх нутгаараа насан туршдаа бахархах нэгэн сайхан дурсамжийг тээн авч үлдэх нь дамжиггүй гэж бодогдож байлаа. Морь нь будлиангүй, бөх нь шуугиулсан, оноо нь мэргэн, олон сайхан үзүүлбэртэй эрийн гурван наадмаас гадна үдэш эхэлж үүрээр дууссан, олон сайхан залуу уран бүтээлчдийн оролцсон олныг цэнгүүлсэн шоу тоглолт, ёслолын буудлага байлаа. Ай даа залуу нас гэж ааг омгоор дүүрэн дээ. Үүнийг зөв хандлагад оруулж байх нь бидний үүрэг. Энэ насанд тохиох энэхүү түүхт 100 жилийн ой бүх залуусын сэтгэлд баяр баясгалантай, дуу чимээтэйгээ хадгалагдан үлдэж, эх нутгаараа бахархсан сэтгэлээр харьсан гэдэгт би итгэлтэй байна. Бид залуу үеээрээ бахархаж байна.
Бахархал, талархал 9
Үүсгэн байгуулагдсан 100 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх нь түүхэнд үлдэх нэгэн агуу үйл явдал. Энэ удаа Арын сайхан хангай нутгийнхан болон орон нутгийн удирдлагууд маань түүхэн ойгоо өндөр хэмжээнд зохион байгуулж чадлаа. Энэ нь дараа дараагийн арга хэмжээнд атгасан шагай шиг нэгдэж чадвал нүүдэлчдийн өлгий нутаг, эх түүхийн өв соёл, зан заншлыг шингээсэн, нутаг орныхоо онцлог, ондоошлоо, дөрвөн улирлынхаа онцгой төрх болгоныг харуулсан аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж, нөхцөл бүрэн буй дүр зураг харагдлаа. Аялал жуулчлалын хөгжлийг дагаж арын сайхан хангай нутгийн ажилсаг хичээнгүй зон олны ч амьжиргаа дээшилж, ашиг орлоготой болох үүд хаалга нээгдэх нь дамжиггүй.
БАХАРХАЛ, ТАЛАРХАЛ ТЭЭСЭН НААДМЫН ДАРАА…
Өнөөдрийн эл наадам нэг талаас баяр наадам боловч нөгөө талаас эх орон, төрөлх нутгаа улс орон даяараа сурталчилан таниулж байгаа нь орон нутгаа хөгжүүлэх нэгэн үндэс суурь болох юм.
Энэ сайхан түүхт ойн баяр наадамд очсон хүн бүр эрч хүч, энерги авч, амтай бүр “Архангайн наадам өргөн дэлгэр, сайхан боллоо” гэж шагшин магтаж, архангайчууд бидэнд улам их урам зориг, итгэлийг өглөө.
Иймд бид энэ их итгэлийг алдалгүй хичээж, эх сайхан нутгаа, эх орноо эв нэгдэлтэйгээр хөгжүүлэх ажилдаа ханцуй шамлан орцгооё.
Бид энэ зун эх орон даяараа өргөн дэлгэр сайхан наадлаа. Сум, аймгуудын олон 100 жилийн мартахын аргагүй ойн баяр, наадмууд боллоо. Наадаж баярлах хоёр гурав хоногийн цаг хугацааны асуудал. Тэр нь илүү, эднийх нь дутуу гэж шаагихдаа биш, өнгөрсөн бүтэн зуун жил хийж бүтээснээ энэ үеийнхэндээ танилцуулж, ирээдүйн шинэ зуун жилд сум, аймаг, улсаараа хийж бүтээх даалгаврыг нь өглөө. Хувь хүн бүрд ч энэ даалгаврыг оногдууллаа.
Сайхан наадмууд ч боллоо, сайхан ч наадаж чадлаа. Бидний улс орон даяараа баярлаж, наадаж өнгөрүүлж буй энэ 100 жилийн ойнууд дараагийн шинэ 100 жилийн их бүтээн байгуулалтын ГАРАА, ирээдүй хойч үеийн тээж явах ОМОГШИЛ, ЭРЧ ХҮЧ болох билээ.
Гараа сайн бол бариа сайн.
Наадмын маргааш намраа гэж…..
Д.ТЭРБИШДАГВА
2023 оны 8-рсарын 1
Улаанбаатар хот