Зэвсэгт хүчний Жанжин штабын Эрүүл мэндийн хэлтсээс Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад “Амны хөндийн эрүүл мэнд” уламжлалт аяныг он гарсаар хэрэгжүүлж эхлээд байна.
Хугацаат цэргийн алба хаагчдын дунд шүдний өвчлөл их байдагтай холбогдуулан эмчлэх, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын шүдний эмч нар явуулж байна.
Зэвсэгт хүчний 120 дугаар ангид 1 дүгээр сарын 31-ний өдрөөс эмчилгээ, оношилгоог эхлүүлсэн бөгөөд Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн шүдний эмч О.Насандэлгэр, Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн шүдний эмч Б.Сувд-Эрдэнэ, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн шүдний эмч Э.Долгоржав нар ажиллаж байна.
Томилгоот эмч нар хугацаат цэргийн хаагчдын амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, эмчилгээнээс гадна байнгын бүрэлдэхүүнд “Амны хөндийн өвчлөл үүсгэдэг эрсдэлт хүчин зүйл”, “Амны хөндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх амархан”, “Шүд цоорох шалтгаан”, “Шүдийг хэрхэн зөв угаах вэ” зэрэг сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулж байна гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.