Үндсэндээ гурав хуваагдсан нөхцөл байдал байгаа АН-д эвлэлдэн нэгдэх шинэ төлөв нэг л харагдаж өгөхгүй байна. Ц.Элбэгдоржийн АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр хэд хоногийн өмнө “АН оны өмнө бүх маргаанаа эцэслэж, эвлэрэлийн зам дээр гарч ирнэ” гэж мэдэгдсэн боловч байдал түүний санаж бодож байгаа шиг эргэхгүй нь бололтой. Учир нь АН-ын дарга гэх С.Эрдэнэ өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийж “УИХ-ын тухай хуулийн 31.11 дүгээр зүйлд УИХ-ын гишүүд хамтран УИХ дахь нам эвслийн бүлгээс өөр зохион байгуулалтын аливаа хэлбэр үүсгэхийг хориглох хуулийн заалт бий. Иймд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл болон бусад нэр бүхий гишүүд нь УИХ дахь Ардчилсан Намын гишүүдийг төлөөлөх эрх зүйн чадамжгүй болохыг дахин албан ёсоор хэлье” хэмээн мэдэгдчихлээ. Түүний энэ мэдэгдэл нөгөө талынхны уур, дургүй хоёрыг бас л өдөөх нь дамжиггүй.
Х.Баттулгын АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал ч бууж өгөх бодолгүй байгаагаа удаа дараа мэдэгдсэн. Хамгийн гол нь Дээд шүүх хэнийг нь АН-ын даргаар бүртгэхээс хэн, хэн жийгдэх нь тодорхой болох гээд байна.
Д.Лхагва