Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга Өмнөд Солонгос улс руу оргон зайлсан тухай мэдээллийг УИХ, Засгийн Газрын гишүүд өгөх болсон билээ. Энэ тухай АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга И.Мөнхжаргал дараах тайлбарыг өгөв.
Тодруулбал тэрээр: “Өнөөдрийн байдлаар АН-ын дарга Х.Баттулга Өмнөд Солонгост албаны шугамаар ажилтай явна. АН Өмнөд Солонгост тодорхой төлөвлөгөөт ажилтай байсан. Намын удирдлагууд явж ажиллах ёстой байсан боловч Гадаад Харилцааны Яаманд өгсөн албан пасспорт гараагүй учраас явж чадаагүй юм. Х.Баттулга даргын хувьд явахдаа АТГ-т мэдэгдээд явсан. Мөн түүнд ямар нэгэн хилийн хориг тавиагүй, яллагдагчаар татаагүй. Энэ хүнд гадагшаа явах эрх нь нээлттэй байгаа. Хууль хяналтын байгууллагаас ч энэ хүнийг оргон зайлсан тухай мэдээлэл ерөөсөө гаргаагүй.
Зүгээр л Эдийн Засгийн Хөгжлийн Сайд Ч.Хүрэлбаатар хувийн сэдлээр өөрийнхөө facebook хуудсаар ингэж зарлаж байна лээ. Энэ бол хувийн өс хонзон. Мөн өөрийг нь Хотгор шанагын уурхайтай холбоотой шалгаж буй дуулианыг өөр тийш нь чиглүүлсэн л хэлбэр.
Ер нь энэ хүн байнга л Х.Баттулгад өс зангидаж явдаг. Монгол төрийн сайд ийм юм хийж болдоггүй юм аа. 1937 он байсан бол хамгийн түрүүнд буу бариад хүн буудахаар л харагдаж байна лээ. Албан ажлаа дуусгаад удахгүй ирнэ. Өөрөө ч энэ тухай мэдэгдсэн. 14 хоногийн хугацаатай гэж төлөвлөгдөж байсан. Гэхдээ наана нь ирэх байх” гэсэн юм.
Эх сурвалж: sonin.mn