“Шударга тав”-ын нэг, одоо бол Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг нэлээд магтсан постыг цахим хуудсанд нийтэлжээ. Тэрбээр “Л.Оюун-Эрдэнэ гэмт бүлэглэлүүдтэй зоригтой тэмцсэн учраас дайсан их хураасан. Тэр ямар ч албан тушаал авахгүй гэсэн үгэндээ хатуу байсан. Төрийн удирдлагад шударга хүн хэрэгтэй учраас бид түүнийг шахаж, ажил хариуцуулсан юм. Тэр нь зөв болж, олон чухал үр дүнг авчирсан. Оюу толгойн луйвар, Эрдэнэтийн 49, Жаст-Стандарт банк, Салхит, Хөтөлийн цемент шохой, Дарханы төмөрлөг, хууль шүүхийн мафи, улс төр-бизнесийн бүлэглэлтэй анхнаасаа ил тод тэмцсэн. Нүүрсний хулгайг анхлан зарлаж, таслан зогсоохоор зүтгэж байна. Маш олон хүний маш том эрх ашгийг тас цохьсон. Тэр анх хэлсэн ярьсандаа одоо ч байдаг. Харамсалтай нь хүнд цагт, хүнд ачаа үүрч байгаа түүний зүтгэл санасан зорьсон үр дүндээ зарим талаар хүрч чадахгүй байна. Өнөөдөр түүний өстөн дайснууд нь өндийн босч, залуучуудын зүй ёсны тэмцлийг ашиглахыг оролдож байна. Л.Оюун-Эрдэнэд алдаа дутагдал байж болно. Гэхдээ ийм шулуун шударга, дайчин, эх орноо гэсэн чин сэтгэлтэй, ил тод, шуналгүй, ашиг сонирхлын зөрчилгүй Ерөнхий сайд та бидэнтэй хамт байгаагийн үр дүнг гаргах ёстой гэж итгэдэг” гэж журмын нөхрөө өмгөөлжээ.