Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хулгайтай тэмцэнэ хэмээн мэдэгдсэн. Тэгвэл Засгийн газрын тэргүүний мэдэгдлийн хүрээнд хууль хяналтынхан ажиллаж эхэлжээ. Тухайлбал, АТГ-аас Тавантолгой төмөр зам ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргээр шалгаж байгаа аж. Энэ талаар АТГ-ын Хэвлэл мэдээллийн ажилтан, комиссар Н.Тэмүүлэн “Тавантолгой төмөр зам ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргээр шалгаж байна. Тэрбээр одоогоор гадаадад байгаа ч мөрдөн шалгах ажиллагааг бид тасралтгүй явуулах ёстой. Хэн нэгнийг хүлээх асуудал байхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд нотлох баримтуудыг цуглуулж байна. Прокурорын зөвшөөрлөөр мэдээлэл өгдөг учир үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв.