Омикроны шинэ хувилбар Монголд илэрсэн талаар ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ хариуцсан дэд захирал, анагаах ухааны магистр клиникийн профессор Ц.Чинбаяр өнөөдөр мэдэгдлээ. Тэрбээр “Covid-19-ийн шинэ хувилбарын цөөн тохиолдол дотоодод батлагдаад байна. Гэхдээ эдгээр шинэ дэд хэв шинжүүдээс үүсгэгдсэн тохиолдолд хүндрэл өмнөх хувилбаруудтай ижил байгааг ДЭМБ-аас мэдээлсэн. Хүнд, хүндэвтэр эмнэлзүйн хэлбэр үүсэхгүй байгаа. Гэхдээ өмнө нь баримталж байсан халдвар, хамгааллын дэглэмээ баримтлахыг нийт ард иргэддээ анхааруулж байна. Омикроны өмнөх хувилбараар өвдсөн хүн ч дахин шинэ дэд хувилбараар өвдөх эрсдэлтэй. Хэдийгээр эмнэлзүйд өөрчлөлт ороогүй ч суурь өвчтэй хүмүүс хүндээр өвдөх магадлалтай” хэмээн анхаарууллаа.
Үүнээс үзвэл худалдаа, үйлчилгээний газрууд, иргэд нийтээрээ халдвар, хамгааллын дэглэмдээ эргэж орохоос өөр аргагүй нөхцөл байдал үүслээ. Наад зах нь амны хаалтаа зүүж, гар ариутгагч хэрэглэхийг мэргэжилтнүүд анхааруулж байна.
Д.Бат