Бид тэртээ 1990 онд баталсан шинэ ардчилсан Үндсэн хуульдаа “Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлнэ” хэмээн тунхаглаж билээ. Тэрхүү уухайн дуутай хамт мэндэлсэн хүүхдүүд эдүгээ 30 нас шүргэж явна. Гэтэл нөгөө хүнээ гэсэн энэрэнгүй, шударга нийгмийн сүүдэр нь ч алга гэхэд хатуудахгүй нь. Нийслэлийн захын хорооллын зарим хүнсний дэлгүүрүүдийн орлогыг мөнгө биш иргэний үнэмлэх, эсвэл тэтгэврийн дэвтэр хэдийнэ орлодог болж, бүтэн талхыг дөрөв хуваасны нэг, гуравхан ширхэг төмсөөр голоо зогоодог айлын тоо өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй уралдан нэмэгдэж байгааг хэвлэлүүд мэдээлж эхэлснээс хойш цөөнгүй хугацаа өнгөрчээ.
Мөнгө төгрөгний боломжгүйгээс шаардлагатай эм, тарилгаа авч чаддаггүй, Эрүүл мэндийн даатгалын дэвтэргүйгээс эмнэлэгийн тусламж авдаггүй хэчнээн олон хүн байгаа бол? Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ажилгүй иргэд хямралын шуурганд илүүтэй өртөж байгаа нь сэтгүүлчдийн бэлтгэсэн мэдээ, сурвалжлагаас тодорхой харагдаж байна шүү дээ.
2010 онд ядуурал 30 хувьтай байсан бол одоо 50 хувьд хүрсэн гэж бичиж байна. Өндөр настнуудын 90 хувь нь тэтгэврийн зээлтэй гэж хээв нэг зарлаж байна. Өргөн уудам газар нутагтай, байгалийн асар их баялагтай, 60 гаруй сая малтай ийм баян орны иргэдийг хэн ийм түвшинд хүргэчихвээ? Монголчууд 1992 оноос хойш МАН, АН-ыг ээлж дараалан сонгож ирсэн. Ёстой л нөгөө “Өглөө” кинонд гардаг Дүйнхэр зайрангийн “Гамингийн ч төлөө буулаа. Бароны ч төлөө буулаа. Богдын ч төлөө буулаа. Нэмэр алга. Хараач, энэ ядарч зүдэрсэн олон түмнээ” хэмээн Хиагтын гудамжинд “дөвчигнөдөг” шиг монголчууд 1992 оноос хойш “Улаан”-ыг нь ч сонгож үзлээ. “Цэнхэр”-т нь ч итгэж үзлээ. Тусыг эс олов. Хоёр том улстөрийн хүчин өөрсдийнхөө санаа, шийдлээр 2004, 2008 оны сонгуулийн дараа Засгийн газраа хамтран байгуулж нэг гэрт орж үзсэн. Харамсалтай нь эв зүйгээ олж, улс орноо гэсэн нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэхийн оронд намынхаа эрх ашгаа нэгдүгээрт тавьснаар нэгдэж хамтарсныхаа үр дүнг үзэж чадаагүй. Нийгэм, эдийн засаг, ард түмний байдал мэдээж дээшлээгүй.
Сөрөг хүчин нь эрх баригчдаа нулимж, эрх баригчид нь сөрөг хүчнээ баална. “Гудамжны” тэмцэгчид нь болохоор МАНАН-г зүхнэ, жагсана, тэмцэнэ. Эрх баригч, сөрөг хүчнээрээ гэхээсээ идсэн уусан, их мөнгөний төлөөх ашиг сонирхолоороо талцан хэмлэлдэнэ. Сар жилүүд нэг иймэрхүү маягтай өнгөрсөөр, ард түмэн дээшээгээ горьдлогийн харцаар ширтсээр…
“Оюу толгой” гэж баахан алалцдаг байсан бол дээр нь нэмэгдээд ганц саалийн үнээ гэгддэг “Эрдэнэт” үйлдвэр маань хэрүүлийн алим болж хувирчээ. “Эрдэнэт’-ийг тойрсон санхүү мөнгө, эрх мэдлийн бөөн будлиан дэгдэж дунд нь сонгогч олны толгой эргэж гүйцлээ. “Ард түмэндээ хатуу ханддаг төрийн хууль цааз албан тушаалтнуудад, мөнгөтэй хүмүүст өөр үйлчилдэг нь ямар учиртай юм бэ?” гэж ард олон чинь асууж байна. “Иргэн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй гэсэн Үндсэн хуулийн агуулга хаана байна вэ’ гэж нэхэж байна. Хүний эрх бүү хөсөрдөөсэй, хэлмэгдүүлэлт хэзээ ч бүү давтагдаасай, төрийн дарамт устаасай гэж залбирч байна.
Улс орны эдийн засаг улам хямарч, нийгмийн сэтгэлзүй улам ядуурах боллоо. Эдийн засгийн хямрал нэрийн дор нийгмийн үнэт зүйлс хөсөр хаягдлаа. Эрх баригч, сөрөг хүчнээрээ гэхээсээ идсэн уусан, их мөнгөний төлөөх ашиг сонирхолоороо талцан хэмлэлдэж байна.
Улс үндэстний дархлааг сулруулдаг ажилгүйдэл, ядуурал аймшигт харх шиг үржиж, улмаар монголчуудын маань маргаашдаа итгэх итгэл суларч, өдөр тутмын амьдралаасаа цаадахыг харахаа больж байна. Хаана байна, тэр хүмүүнлэг, иргэний нийгэм чинь? Хаана байна, тэр ардчилал, шударга ёс чинь?
Сэтгүүлч Дажсүрэнгийн Лхагвадорж