Хувиараа хөдөлмөр эрхлэгч Л.Энхбаатар 2015 оны арваннэгдүгээр сард авто осолд орж нуруу нугасны хүнд гэмтэл авчээ. Хүзүүнээсээ доош огт мэдээгүй болсон түүнийг Гэмтэл согог судлалын эмнэлэгт мэс засалд оруулж, хүзүү нугасны мултарсан нэг хүзүү , бяцарсан 4 болон 5 дугаар нугаламд бэхэлгээ хийж удаан хугацаагаар хэвтрийн дэглэм бариулж эмчилжээ. Ингэснээр түүний бие сайжирч хоёр хөл дээр босч, хөдөлж явж чаддаг болсонч хэвтэрийн дэглэмд удсанаас түүний баруун хөлний венийн судсанд бөглөрөл үүссэн байна. Иймд Өвөр монголын Хөх хотод очиж дахин эмчилгээ хийлгэжээ. Эмчилгээний үр дүнд бөглөрсөн венийн судас нь 10 хувийн цус гүйлттэй болсон байна. Гэсэн ч хөдөлмөр эрхлэх чадвар бүрэн сэргээгүй ажээ. Бүтэн гурван жилийн турш Шастины Төв эмнэлэг болон бусад эмнэлгүүдээр удаа дараа хэвтэн эмчлүүлж нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж иржээ.
Сүүлийн үед дахин хөл, гарын мэдээ алдарч эхэлсэн тул дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон. Монголд мэс засалд ороход хүндрэлтэй гэж эмч нарын зөвлөсөнөөр Солонгос улсын эмнэлгүүдэд хандаж үзлэг шинжилгээ, хүзүү нугасны зургуудаа илгээж тусламж дэмжлэг үзүүлэхийг хүссэн. Хэд хэдэн эмнэлэгээс Солонгост ирж хагалгаа хийлгэх хэрэгтэй гэсэн хариу ирснээр Л.Энхбаатарыг эмчлэгч эмч нар болон түүний гэр бүлийнхэн Шимжонг эмнэлгийг сонгож эмчилгээгээ хийлгэх хүсэлт илгээжээ. Шимжонг эмнэлэгийн хамт олон Л.Энхбаатарыг Солонгос улсын Засгийн газрын хөнгөлттэй төсөл хөтөлбөрт хамруулж эмчилгээ хийж өгөх болсон нь бүр ч аз завшаантай хэрэг болжээ.
Шимжон эмнэлэг нь Сөүл хотын өмнөд нутаг дэвсгэрт цар хүрээний хувьд хамгийн томд тооцогдох орчин үеийн дэвшилтэд тоног төхөөрөмжтэй нуруу нугас, үе мөч, нөхөн сэргээх нарийн мэргэжлийн тусламж үзүүлдэг эмнэлэг юм. Дэлхийн нуруу нугасны 100 нэртэй эмч нарын нэгээр шалгарсан Шим Жон Хён эмч 2015 оны хоёрдугаар сард энэ эмнэлгийг үүсгэн байгуулжээ. Шимжонг эмнэлэг нь “Хамтдаа жаргал зовлонгоо хуваалцаж үргэлж найдвар бэлэглэгч эмнэлэг байя” гэсэн уриан дор бүх хүмүүст нээлттэй, итгэл даасан эрүүл мэндийн үйлчилгээгээр дамжуулан эрүүл нийгмийг бий болгоход бага ч гэсэн хувь нэмэр оруулахаар зорин ажиллаж байна. Тус эмнэлэг нь хэвтэн эмчлүүлэх 100 ортой бөгөөд нуруу нугас, үе мөчний олон төрлийн өвчнийг соронзон томографи, компьютерт томографи, ЭХО зэрэг дэвшилтэт тоног төхөөрөмжөөр нарийн оношлож, хөнгөн мэс ажилбараас нарийвчилсан хүнд мэс засал хийж хамгийн орчин үеийн эмнэлэг юм.
Солонгосын Засгийн газраас үндэсний эрүүл мэндийн бренд имижийг сайжруулах болон Солонгосын анагаах ухааны салбарын шилдэг чанарыг суртчилсанаар гадаадын өвчтөнүүдийг татахад хувь нэмэр оруулах, тухайн оронд эмчлэхэд хүндрэлтэй өвчтөнүүдийг ирүүлэн эмчилж, сурталчилгааны материал бэлдэх болон тухайн улсад нэвтрүүлэхийн тулд Солонгосын анагаах ухааныг хуваалцан соёлыг өргөжүүлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа Медикал Кореа төслийн хүрээнд гадаад суртчилгаанд Шимжон эмнэлэг сонгогдсон юм.
Энэ төслийн хүрээнд Монгол Улсын иргэн 54 настай эрэгтэй Л.Энхбаатар нь олон түвшин дэх хүзүүний нугалам хоорондох дискийн ивэрхий, дөрвөн мөчний саажилт гэсэн оноштойгоор Шимжонг эмнэлэгт Neuroplasty гэсэн мэс заслыг амжилттай хийлгээд ирлээ. Дурангаар хийсэн энэ мэс заслын үр дүн богино хугацаанд гарч, одоо эмчлүүлэгч Л.Энхбаатар эх орондоо ирээд байна.
Медикал Кореа төслийн хүрээнд Шимжон эмнэлэгт хийгдсэн энэ мэс заслийн бэлтгэл ажлыг Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгийн мэс заслын эмч, доктор, профессорЦ.Ганзоригт ахлагчтай баг амжилттай биелүүлсний зэрэгцээ цаашид Шимжонг эмнэлэг болон Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зураад иржээ.
Ингэснээр манай улсад эмчлэгдэх боломжгүй нуруу нугасны хүнд гэмтлийг эмчлэхэд Солонгосын Шимжонг эмнэлэгийн туршлагыг судлах, эмчилгээний шинэ техник технологи нэвтрүүлэхэд ахиц дэвшил гарна гэдэгт талууд итгэлтэй байна.