Идэр их сургуулийн ерөнхий захирал, доктор (PhD) Д.Зоригттой ярилцлаа.
-Та боловсролын салбарт чамгүй олон жил ажиллаж байна. Хувийн их, дээд сургуулийг ч үүсгэн байгуулж нэлээдгүй жил тэргүүлж байна. Нэг ёсондоо энэ салбарын жаргал, зовлонг сайн мэдэх хүний нэг. Монголд боловсролын байгууллагыг өөрийнхөө хүчин чармайлт, хөдөлмөрөөр хөл дээр нь босгоход хамгийн хэцүү нь юунд байдаг гэж боддог вэ?
-Хамгийн хэцүү нь гэвэл ойлгогдохгүйн зовлон байх шив дээ. Их сургуулийн та хэд зөвхөн мөнгөний төлөө явдаг гэж тууштай шүүмжлэгч нэг хүнээс би асууж байсан юм. Хуушуурын гуанз дандаа муу махаар хоол хийгээд байвал юу болох бэ гэж. Тэгвэл тийшээ хүн зүглэхээ болино гэж нөгөөдөх чинь хариулж байна. Цайны газрын эзэн зөвхөн мөнгө хурдан олох бодлоо өөрчилж орж ирсэн хүнийг чанартай хоолоор дайлаад сэтгэл дүүрэн үддэг болбол хүмүүс буцаад ийшээ олноор ирэх нь дамжиггүй гэвэл тэр зөвшөөрч байсан юм. Энэ бол бизнесийн хууль. Үүнийг манайхан олон зүйл дээр ойлгодог,худалдаа, үйлчилгээ, барилга гээд бараг бүх салбарт аргагүй дээ, байж болох юм гэдэг. Тэр байтугай хувийн дунд сургуулийг хүртэл тийм их шүүмжилдэггүй. Тэгсэн атлаа дээд боловсрол болохоор л муусайн луйварчид гэнэ. Цаг нь ирэхээр ойлгох байлгүй дээ. Их сургуульд ч гэсэн зөвхөн мөнгө бодсон хүмүүс ажиллаж байгаагүйг.
-Боловсролоос улсын хөгжил, ирээдүй хамаарна. Энэ үүднээс асуухад төр засгаас боловсролд хандах хандлага, бодлого, чиглэлийг хэрхэн харж дүгнэдэг вэ? Таныг өөрийнхөө сургуультай ноцолдож байх хойгуур бид нэлээд хэдэн УИХ, Засгийн газрын нүүр үзсэн. Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогыг боловсронгуй, оновчтой тодорхойлоход юун дээр алдаж оноод байна вэ?
-Яг үнэндээ бол өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монголын төр засаг төрийн өмчийн хэдэн сургуульдаа илүү их итгэж тэднийгээ юуны өмнө дэмжиж ирсэн.Төрийн сургуулиуд арай том байшинтай, урт түүхтэй, олон оюутантай учраас бооцоогоо хаана тавих бэ гэж эргэлзэх үед ингэж дэмжсэн нь ч аргагүй байсан байх. Зөвхөн ганц жишээ дурьдахад Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлсэн 30 тэрбумын 99 хувийг төрийн 5 сургуульд, зөвхөн 1 хувийг хувийн сургуулиудад хувааж өгсөн байдаг юм. Тэглээ гээд тус зээл тусламжийн эцсийн үр дүн бараг адил гарсан л даа. Одоо ба өнгөрсөн цагийн хэмжүүрээр шүүвэл өнөөгийн ийм нэг талт бодлогыг ойлгож болмоор. Гэвч ирээдүй гэж айхтар зүйл бий. 50-70 жилийн дараа одоогийн төрийн сургуулиуд Монголын дээд боловсролыг өнгөлж чадах болов уу? Би энд мэдээж Идэр их сургуулийн тухай яриагүй байна. Уншигч авхай зөвөөр ойлгоно бизээ. Дээд боловсролын бодлого гэхээр мэдлэгийн экспорт,кампус гээд олон сэдэв хөндмөөр байна. Гэвч ингээд товчильё. Дараа ярих боломж олдоно байлгүй.
-Салбарын яамны зүгээс дээд сургуулийн тоог боловсролын чанартай холбож яриад, цэгцлэх, хаах бодлого барьж байгаа. 13 сургуулийг хаасан нь дээрх шийдвэр эхнээсээ хэрэгжиж эхэлснийг илтгэж байх шиг. Энэ талаар таны байр суурийг сонсоё.
-Тийм, Монголын их дээд сургуулийн тоо нийтдээ 21-ээр цөөрч байгаа тухай Боловсролын яамнаас мэдээлэл хийсэн. Хаа хаанаа чанарын төлөө санаа зовж салбарын нэр хүндийг дээшлүүлэх алхам хийгдэж байгаа нь сайн хэрэг. Миний хувьд ийм өөрчлөлтийг эртнээс дэмжиж хүмүүст түүн дотроо, яам тамгын газрынханд ч нэгэн адил үндэслэл, нотолгоо гарган хэлж ярьж ирсэн. Энэ чиглэлд тодорхой алхам хийсэн нь ч бий. Өнгөрсөн жилүүдэд нийтдээ 6 их дээд сургууль Идэр их сургуульд нэгдсэн нь үүний жишээ гэж бодож байна. Шуудхан хэлэхэд нэр төдий, бараг оюутангүй зөвхөн тусгай зөвшөөрөл хадгалагч төдий болж хувирсан нилээд дээд сургууль одоо хүртэл байгаа гэдэгтэй би хувьдаа санал нэг. Эдгээр сургуулийг болиулъя гэхээр цаанаас нь ямар нэг эрхтэн дархтан гарч ирээд болдоггүй юм шиг байгаа юм. Ор нэр төдий энэ хэдэн сургуулийг байлгаад байгаагийн өөр нэг учир нь эдгээрийг зориуд нийтэд дэлгэн үзүүлж, “хувийн их дээд сургууль” гэдэг чинь ийм муухай юм байдаг хэмээн үзүүлэн маягаар олон нийтэд ойлголт төрүүлэн ийм замаар хичээл зүтгэл гаргаж буй мань мэтийн хэдэн нөхдийг харлуулах далд зорилго ч байж мэднэ. Саяхан Боловсролын яамнаас хийсэн мэдээллийн хувьд санаа нь зөв боловч арай л бушуу түргэн, үүнээс хамааран утга найруулгын алдаатай зүйл болчихлоо. Тухайлбал Далай ван дээд сургуулийг энэ оны 5 сарын сүүлээр, Түшээ дээд сургуулийг 8 сарын өмнө манай Идэр их сургуульд сайдын тушаалаар нэгтгэсэн. Ийм болохоор энэ 2 дээд сургуулийг үйл ажиллагааг нь зогсоосон биш, харин бусад сургуульд нэгтгэсэн сургуулиудын тоонд оруулан нийтэд мэдээлэх учиртай байсан. Яамнаас үүний учрыг лавлахад техник алдаа гарсныг мэдэж байгаа, энэ тухай танайд удахгүй тайлбар бичиг хүргүүлнэ гэсэн.
-Би хувьдаа дээд боловсрол эзэмшихийг хүсдэггүй хүн ховор гэж боддог. Зарим хүмүүс “Монгол Улсад дээд мэргэжилтэн олширвол хэн хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт ажиллах юм бэ?” гэж халагладаг. Таны бодож байгаагаар өнөөдрийн хувьд дээд боловсрол, тусгай боловсрол хоёрын аль нь энэ улсад илүү хэрэгтэй вэ?
-Зарим оронд үндэсний мэргэжлийн хүрээ гэж байдаг. Энэ дотроо мэргэжлийн сургалт, дээд боловсрол хоёроо тэнцүү авч үзвэл практик чадвартай залуус одоогийнхоос илүү үнэлэгдэх болно. Жишээ нь, 6-р зэргийн гагнуурчин, шинжлэх ухааны доктортой, 5-р зэргийнх нь магистртай цалин хөлс, хүмүүсийн хандлагын хувьд ижил түвшинд үнэлэгдээд явна гэсэн үг. Өнөө үед дээд боловсрол, улам бүр прагматик шинжтэй болж байна. Их сургууль төгсөгчид мэдэхээс илүү чадах нь чухал гэж үзэх боллоо. Энэ үүднээс авч үзвэл дээд боловсрол, мэргэжлийн сургалт хоёрыг заагласан хана хэрэм улам нимгэрсээр байна. Дээд боловсрол гэдэг нь мэдлэгт суурилсан чадвар, мэргэжлийн боловсрол нь чадвараас үүдсэн мэдлэг ч гэж хэлж болох байх. Цаг хугацаа их хурдан өөрчлөгдөж байна. Өмнө нь бидний ямар мундаг юм хэмээн гайхаж байсан ур чадвар одоо бол болхи харагдаж байх жишээтэй. Робот гагнуур, мм-ийн нарийвчлалтай зүүн эмчилгээ гээд мэргэжлийн сургалтын салбарт цоо шинэ хандлага, хувьсгал гарах боллоо.
-Идэр их сургуулийн хувьд бусад их, дээд сургуулиудаас ялгарах гол онцлог нь юу вэ? Та ямар бодлого, зорилт дэвшүүлж ирэв?
-Одоо манайд бэлэн харагдаж байгаа загвар гэвэл төрийн хэдэн том сургуулиуд байна. Тэднийгээ далайд хөвж яваа “Сүхбаатар” хөлөг онгоцтой зүйрлэх юм бол харьцангуй бага түүхтэй төрийн бус өмчийн бид хэд юу болж таарах бэ гэж хааяа бодогддог л юм. Одоо харагдаж байгаа бие том, овор ихтэй загварыг дуурайж үүнтэй төстэй сургууль бүрдүүлье гэвэл ахиад нилээд олон жил шаардлагатай мэт. Магадгүй биеэр жижиг боловч арай хурд, маневр сайтай орчин цагийн моторт завь байж болмоор. Идэр их сургуулийн хувьд бизнесийн ийм загварыг илүү дэмжих талдаа байгаа.
-Тантай уулзсаных улстөрийн сэдвээр хэдэн зүйл асуумаар санагдлаа. Учир нь та 20 гаруй жилийн өмнө улстөрд нэлээд идэвхтэй оролцож, намын дэд дарга ч болж үзсэн хүн. Улстөрд өрнөж буй үйл явцын талаар ямар байр суурь илэрхийлмээр байна вэ? Эрх баригчдын бодлого, шийдвэр, сөрөг хүчний үйл ажиллагаа, бусад намууд, улстөрчид, улстөр сонирхогчдын хандлага гээд…?
-Тодорхойгүй байдал, олон сонгууль зэрэг нь Монголын төрийг өнөөдөр үнэхээр ядрааж байна. Энэ улсыг хэн удирдаад байгаа нь ойлгомжгүй байсаар олон жил боллоо. Ерөнхийлөгч үү, парламент үү? Үүнийг нэг тийш нь шийдэх цаг болсон. Бид одоо нүдээ нээж амьдралыг маш тодорхой, өөрийнхөөрөө хармаар байна. Хэрэв ингэж харж чадвал сонгууль явуулах бүр сонгогдсон түшээдийн мэдлэг чадвар, үнэлэмж улам бүр дордсоор байгааг мэдэх болно. Ийм болохоор сонгууль хоорондын зайг холдуулж ядаж 6 жил болгох нь чухал. Улс төрчид чадваргүй, хурдгүй болох тэр хэмжээгээр төрийн алба бүхэлдээ боловсролгүй, тохиолдлын хүмүүсээр дүүрч байгаа нь харамсалтай. Хүмүүс орлого олох гэж, амьжиргаагаа дээшлүүлэх гэж төрд ордог болж. Энэ бүхний үр дүнд сул дорой , авлигач үлбэгэр оронцгийн засаглал бүрдэж байгаа юм.
-Нэлээд бараан дүр зураг байна даа. Та энэ бүхний эсрэг тэмцээч гэж хүмүүсийг уриалан дууддаг уу?
-Харин ч үгүй. Яагаад гэвэл оргүйгээс оронцогтой байсан нь дээр. Энэ бол миний улс төрийн суурь үзэл (хэрвээ ингэж томьёолж болдог сон бол) Засгийн газар огцор, Их хурал тар гэх мэт уриа лоозонг миний хувьд хэзээ ч дэмжиж ирсэнгүй. Одоо ч тэр хэвээрээ. Өнөөгийн систем, Үндсэн хуулийн хүрээнд, геополитикийн сүүлийн үеийн нөхцөл байдлын дунд үүсэж болох хамгийн гайгүй хувилбар одоо Монголд явж байна. Тийм болохоор голоод яахав. Эрх биш, одоохондоо төртэй, хуультай маягтай л байна. Ширэнгийн хуульдаа шилжих цаг арай л болоогүй байна.
-Иймэрхүү бодол тээгээд ажиллаж амьдарч явахад танд хэцүү юу?
-Өө гайгүй дээ. Сэтгэлийн гүнд маань итгэл найдварын оч байх шиг байгаа юм. Түүнийгээ унтраахгүй байх нь чухал. Тэгээд өнөөгийн байдлыг сайжруулахын төлөө бага ч болов гэгээлэг зүйл хийхсэн гэж хичээж явна. Харин өөрөө юу ч хийхгүй, ямар ч хувь нэмэр оруулахгүй байж маргааш гэнэт сайхан болно хэмээн бэлнээр мөрөөдөж таарахгүй. Яг үнэндээ бол улам хүнд хэцүү сорилт тулгарсан үед гэнэн өөдрөг үзэлтнүүд хамгийн түрүүнд шоконд орж мэднэ.
-Иргэдийн дийлэнх нь үнэхээр зөв бодлоготой нам, зөв лидер, ёсзүйтэй улстөрчид хараахан төрөөгүй байна гэж ярьдаг. Үүнд сонгогчид буруутай юу, эсвэл эрх баригч нам, Үндсэн хууль буруутай юу?
-Одоо ёс зүйтэй, сайн хүн гараад нэмэргүй болсон. Оюунаар биш булчингаар, бодлогоор биш фракцаар, эвээр биш мөнгөөр шийдье гэсэн урсгал, хүчтэй давалгаа бий болжээ. Энэ нь нэг л мэдэхэд амьдралын хэм хэмжээ болж биднийг босовч, суувч дагалдана. Эхлээд намын соёл байснаа төрийн соёл болон хувирч, улмаар олон нийтийн сэтгэлгээний хэв маяг болтлоо түгсэн байна. Тэгэхээр одоо нэг ариун хүн гараад юу ч өөрчлөгдөхгүй. Цаад орчин нь, нуур нь бохирдсон. Цагаан чулууг замагтай заваан усанд шидвэл яаж ч харсан ногоон туяатай л үзэгдэнэ шүү дээ.
-Сүүлийн асуултыг танд үлдээе.
-Юу нэмж хэлэх вэ дээ, Нээлттэй, өөрийнхөө үзэл итгэлд үнэнч байхыг хичээж товч хариулт өглөө. Танай сайтын хамт олонд амжилт хүсье.
-Баярлалаа. Танд болон танай хамт олонд ч амжилт хүсье. Монголын боловсрол сэргэн мандаг.
Ярилцсан Д.Лхагвадорж