ДОКТОР ҮҮР эмнэлгийн гар, сарвууны эмч Отгоны Очирпүрэвтэй ярилцлаа.
-“Доктор үүр” эмнэлгийг үүсгэн байгуулсан та бүхэнтэй өмнө нь ярилцаж байсан. Гар, хөл, мөчийг тасарсан тохиолдолд залгаж хэвийн байдалд нь оруулдаг талаар тэр үед л анх сонсч мэдсэн шүү. Тэр цагаас хойш гурван жил өнгөрч. Энэ хугацаанд та бүхний ажилд ямар ахиц гарав? Бас ямар хүндрэл учирч байна вэ?
-Ажил маш сайн дэвшилттэй явж байна. Өнгөрсөн хугацаанд их ч зүйлийг хийж бүтээлээ. Эмнэлэгийн техник, тоног төхөөрөмж, эмчилгээндээ шинэчлэл хийлээ. Оносон зүйл нь гэвэл туршлага нэмэгдсэн байна. Туршлага нэмэгдэхийн хэрээр бид чанаржиж мэдлэгжиж байна. Би энэ удаад арай өөр өнцгөөс асуудалд хандаж байгаагаа илэрхийлье гэж бодлоо. Хүн “сэлбэгтэй” төрсөн гээд хэлчихвэл та бүхэн эхэндээ гайхах байх. Мэргэжлийн үүднээс тэгж зүйрлэж байгааг минь ойлгоорой. Би анх Хятадад хөлийн хоёр хуруунаас тал талыг нь авч нэг хуруу болгохыг, хуруу залгахыг сурсан бол зөөлөн эдийг дутагдсан газар нь шилжүүлж болдогийг (өмнө нь зөөлөн эдгүй бол тайрдаг гэсэн ойлголттой байлаа) Энэтхэг эмч нараас, арьсыг нэг газраас авч нөгөө газарт нөхдөгийг Солонгос эмч нараас, яс нөхөх аргыг Америк эмч нараас сурч байлаа. Эдгээр улс сая дурдсан бүх төрлийн нарийн мэргэжлийн хагалгааг гарамгай сайн хийдгийг өөрийн биеэр үзэж харсан. Өөрөөр хэлбэл, онол болон практик мэдлэгийг олон талаас нь судалж, зохих мэдлэг, туршлагатай болсон гэсэн үг. Энэ утгаараа манай эмнэлэг толгой, хөл биш зөвхөн гар, сарвууны эмчилгээ эрхэлдэг. Би гэмтлийн эмч. Сургуулийг нь дүүргэж олон оронд мэргэшиж ажил албан дээрээ байх хугацаанд ямар ч гэмтлийн өвчний багагүй мэдлэг хуримтлуулсан ч өөрийн мэргэшээгүй зүйлийн талаар мэргэшсэн мэт хэлж ярихаас эмээдэг. Өмнө нь түлэнхийн эмчээр ажиллаж байсан. Гэхдээ хэдэн жилийн дараа түлэнхийн тасагтаа очиход бүх юм өөрчлөгдсөн байсан. Тиймээс нэг зүйлээ сайн анхаарая, худлаа их зүйл мэддэг хүн шиг ярьж бусдыг хохироох хэрэггүй гэж үзсэн. Тэр байтугай гар хүртэл хуваагдаж байна. Оюутан байхад багш маань баруун, зүүн гарын эмч гэж хуваагдана гээд л ярьж байхад ойлгоогүй явж. Одоо бодоход багш маань үнэхээр алсыг харж байж.
Шинжлэх ухааны хурдыг бид гүйцэхгүй байна. Бидний ажлын хүндрэл бэрхшээлийн тухайд гэвэл гар, сарвуу хүртэл олон салбартай. Гадаадад хуруу залгахад эмч нарын бүхэл бүтэн 4 баг ордог. Эхлээд яс хаддаг баг нь, дараа нь шөрмөс залгадаг баг нь, тэгээд мэдрэл судсыг залгадаг баг ордог. Эцэст нь хаалт боолтыг хийх баг нь ордог. Ингэж байж төгс болдог. Тэгхээр яс,шөрмөс гэх мэт дагнадаг гэсэн үглдээ. Гэтэл манайд яг ингэж дагнаж хийх боломж алга. Мэс заслын бүх ажиллагааг ганц баг гүйцэтгэж байна. Мэс засал 17 цаг үргэлжилсэн тохиолдол байна гээд бод доо. Хамгийн чухал нь Монгол эмч нар маань мэдлэг, чадварын хувьд мундаг. Дэлхийн хэмжээний ямар ч хагалгааг хийх чадвар хангалттай байдаг. Тиймээс ч хийсээр ирсэн. Гадаадын 4 багаар ордог хагалгааг 1 багаар хийдэг боловч мэдлэг чадварын хувьд маш сайн болохоор хагалгааны үр дүн өндөр байдаг. Дутагдалтай тал гэхээс илүү цаашид бодмоор асуудал нь гэвэл маш олон цагаар хагалгааны өрөөнд зогсоно, гараад үзлэг тасгийн ажил гээд ачаалал ихтэй байдаг. Хувь талаасаа энэ нь мэдээж амаргүй хүнд хөдөлмөр. Түүнээс мэргэжил, мэргэшлийн хувьд дутах юм бол Монгол эмч нарт байдаггүй. Эмч нарын тоог нэмэх хэрэгтэй гэхээс илүү мэргэшил талаасаа нарийсмаар байгаа юм. Тэгвэл бидэнд дэлхийтэй зэрэгцэх боломж байна.
-Мэс заслын ажиллагаа гадаад орны түвшинд хүрээгүйгээс гарах үр дүнд нь хүндрэл учрах нь мэдээж. Яавал олон улсын түвшинд ойртуулах боломж байна вэ?
-Энэ асуултанд бас л өөр өнцгөөс хариулая гэж бодож байна. Уг нь анагаахын шинжлэх ухаан чинь зайлшгүй мэргэжлийн үйл ажиллагаа. Номыг нь үзэж, ногоотой шөлийг нь уусан би мэргэштлээ хувьчилсан зөвлөгөө өгөхгүй гээд холуур байхад манай мундгууд бүр мэргэжлийн бус хүмүүсээр тэр чиглэлийн зөвлөгөө өгүүлээд байгаа харагддаг болж. Бас өөр мэргэжлийн эмч сайн мэдэхгүй зүйлээ эмчлээд байна. Хамгийн энгийн жишээ гэхэд шөрмөс залгах 125 арга байдаг. Гэтэл зарим нь нийлүүлээд оёход болно гэж боддог бололтой. Ямар түвшинд яаж тасарснаас хамаарч ямар аргыг сонгохоо шийддэг юм. Ард иргэдийн хувьд ямар мэргэжлийн, хэдэн жилийн туршлaгатай, мэргэжил дундаа аль төрлөөрөө сайн эмч вэ гэдгийг нь судлах хэрэгтэй. Хүний эрүүл мэнд тоглоом биш шүү! Мэргэжил шаардах ажлыг мэргэжлийн бус хүн мэдэмхийрч хийгээд явдаг болсон энэ цаг үед мужаанаар шүдээ янзлуулчих вий! Бодох, болгоомжлох л асуудал!
–Энэ санаагаа тодруулахгүй юү?
-Ер нь хүнд хэрэгтэй боловч онц шаардлагагүй эрхтнүүд байдаг. Түүгээр нь дутагдсан зүйлийг нь нөхөж болдог гэх гэсэн юм. Дэлхийн хэмжээнд запас хүнийг аль хэдийнэ бүтээсэн. Энэ салбарт ажиллаж байгаа эмчийн хувьд Монголдоо эрхтэн ургуулах, гэмтээд ирсэн өвчтөнг сэтгэл болон биеийн хувьд бүрэн бүтэн эмчлээд гаргахыг зорин, ажлынхаа хажуугаар цаг л гарвал судалгааны ажлаа хийж байна. Монголд энэ асуудлыг нутагшуулаад, гэмтээд ирсэн хүн бүрийг эрхтэн бүтэн болгох, сэтгэл дүүрэн эмчлэгдээд гараасай гэж хүсч, энэ мөрөөдлөө биелүүлэхээр хичээн ажиллаж байна.
Д.Дорж