Дэлхий нийтийг цочроож, айдаст автуулсан “Ковид-19” өвчний аюул бүрэн намжаагүй, өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол тогтмол хэмжээнд байсаар байна. Манай хоёр хөршөөс гадна монголчуудын хамгийн их зорчдог Япон, Солонгос улсуудад ч “Омикрон” хувилбар хүрээгээ тэлсээр байгаа нь бодитой аюул занал мөнөөс мөн.
УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр “Дэлхийн улс орнууд цар тахлын тав дахь давалгаанд бэлдэж байна. Учир нь Омикроны BA4, BA5 хувилбар дэгдэж байна. Тухайлбал, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад BA4, BA5 хувилбар эрчимтэй тархаж, өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо гурав дахин нэмэгдэж байна. Улс орнуудад ойрын үед буюу наймдугаар сараас халдварлах чадвар, нас баралт өндөртэй ковидын шинэ давлагаа үүсэх эрсдэлтэй байна. Дэлхийн улс орнууд цар тахлын тав дахь давалгаанд бэлдэж байгаа. Тиймээс бид вакцины бүүстер тунгаа идэвхжүүлэх, нөөц бүрдүүлэх, эмнэлгийн ор, тоног төхөөрөмжөө бэлдэх гэх мэт ажлыг хийж байна” хэмээн онцлоод амны хаалтаа тогтмол зүүхийг анхааруулсан. Харамсалтай нь монголчууд өнөөх л хэнэггүй, ухамсаргүй зандаа хөтлөгдөн амны хаалт зүүхийг эрс багасгалаа. Хоёр хүн хоёулаа амны хаалттай байхад халдвараас 98 хувь хамгаалдаг гэдгийг мэргэжлийн хүмүүс тогтоосон байхад олон нийтийн газарт өөрөө ч, дагуулж яваа хүүхэд нь ч амны хаалтгүй явах үзэгдэл олширч байна. БЗД-ийн нэгэн дунд сургуулийн Үсэглэлийн баярын арга хэмжээний үеэр эцэг, эх, багш нарын 90 хувь нь амны хаалтгүй явж байх юм! Хүн олноор цугларсан газарт заавал маск зүүхийг ЭМЯ анхааруулаад байгааг үл тоомооргүй байна! Нэг л хүний ухамсаргүй, хэнэггүй үйлдэл нийгэм нийтэд ямар их гай тарьдагийг үл мартаж, аюул ард хоцортол болгоомж сэрэмжээ алдмааргүй байна!
Д.Дорж