Олимпийн наадмын 73 кг-д зодоглож буй манай жүдоч Ц.Цогтбаатар хагас шигшээд Японы домогт бөх, олимп, дэлхийн аварга Шохэй Онод нэмэлт цагт вазаригаар дийлдлээ. Оно түүнтэй барилдах хүртлээ долоон жилийн турш ялагдал гээчийг мэдрээгүй, нийт 62 дараалж ялаад байв. Цогтоо түүнтэй айж бэргэлгүй сайхан барилдаж, үндсэн цагаа дуусгасан. Улмаар нэмэлт цагт тэрбээр тэвэрч шидэх мэхийн оролдлого хийхэд Оно мэдэрч, ардуур нь мордож унаган үнэлгээ салгасан юм. Одоо Ц.Цогтбаатар хүрэл медалийн төлөө Канадын Артур Маргелидонтой барилдана. Тэд өмнө нь хоёр удаа барилдаж байв. Эхлээд 2019 онд Абу Дабигийн Их дуулгад Маргелидон манай бөхийг ялсан. Сүүлд өнгөрсөн гуравдугаар сард Тбилисийн Их дуулгын финалд манай Цогтоо ялж аваргалсан билээ. Энэ удаа хэн нь олимпийн медальтай үлдэх вэ гэдгийг шийдэх чухал барилдааныг Токиогийн татамид хийх гэж байна. /Монголын үндэсний олимпийн хороо мэдээлэв/