Монгол хүн анх сансарт ниссэн түүхт 40 жилийн ойг тохиолдуулан Анагаахын шинжлэх ухааны доктор, Төрийн соёрхолт, академич Л.Лхагватай 2001 онд хийж байсан сонирхолтой ярилцлагаа толилуулая.
-Таныг хүн судлалаар мэргэшсэн цөөхөн эрдэмтний нэг гэдэг. Энэ чиглэлээр танаас олон сонин зүйл сонсох болов уу?
-1987 онд Анагаах ухааны хүрээлэн (АУХ) Эмнэлэг биологийн сектор байгуулсан. Гол зорилго нь эрүүл хүнийг судлах явдал юм. 1990 онд ШУА-ийн Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэнгийн Генетикийн сектор, АУХ-гийн Эмнэлэг-биологийн сектор хоёр нэгдэж, Хүн судпалын үндэсний төв байгуулагдсан түүхтэй. Яагаад эрүүл хүнийг судлах болов оо гэвэл дэлхийн анагаах ухаан түүхэн хөгжлийнхөө явцад өвчтэй хүнд илүү анхаарал тавьж ирсэн. Өөрөөр хэлбэл, өвчин туссан үед нь эмчлэх тал дээр их амжилт олсон. Энэ бол үгүйсгэхийн аргагүй том дэвшил. Гэвч эрүүл хүнийг бага анхаарснаас өвчилсөн хойно нь эмчилдэг зардал ихтэй зүйл рүү явсан. Тэгэхлээр өвдөхгүй байхын тулд эрүүл мэндээ урьдчилан хамгаалах нь зардал, хохирол багатай бөгөөд өнөөдрийн хамгийн чухал асуудлын нэг болж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ч сүүлийн жилүүдэд эрүүл хүний эрүүл мэндэд их ач холбогдол өгч байна. Манай улсын хувьд энэ асуудал одооноос яригдаж эхлэх төлөвтэй. Гэхдээ энэ зорилго тодорхой амжилтад хүрэх эсэх нь Монголчуудаас өөрсдөөс нь хамаарах болов уу. Манайхан чинь их сонин сэтгэлгээтэй хүмүүс шүү дээ. Эрүүл байвал өөрийгөө огт тоодоггүй.
Гэтэл ямар нэгэн зовиур шаналгаагүй байлаа ч далд явцтай өвчин гэнэт илэрвэл яах вэ. Үүнийг өрөөсөө ухамсарладаггүй. Заавал өвчин даамжирсан хойно эмчид очих юм. Тэгэхлээр хэн хүнгүй өөрийнхөө эрүүл мэндийн тухай бүрэн мэдлэгтэй болох хэрэгтэй байна. Ер нь манай монголчууд их сонин хүмүүс л дээ. Өвчин тусахгүй байхын тулд яах вэ гэхээсээ өмнө тийм өвчин тусвал чи яаж эдгээх вэ гэж асуух юм.
Гэтэл гадаадынхан аливаа өвчнөөс сэргийлэх талаар маш их зөвлөгөө авдаг. Тиймдээ ч өнөөдөр харьцангуй эрүүл саруул аж төрж байна. Монгол улсын эрүүл мэндийн албаны хөгжлийн түүх бол өвчтөнийг эмчлэхэд чиглэсэн тогтолцооны түүх байлаа. Хатуухан хэлэхэд, өвчлөөд бай, эмчлээд байя гэдэг тийм эрүүл мэндийн бодлого үйлчилж ирсэн гэхэд хилсдэхгүй.
Яахав, үр дүнд нь анагаах ухааны нарийн мэргэжлийн тусламж сайн хөгжсөн л дөө. Өөрөөр хэлбэл, 80 хувь нь эмчлэх, 20 хувь нь өвнөөс урьдчилан сэргийлэх гэсэн тогтолцоо ноёрхож ирсэн. Гэтэл өнөөдөр 20 хувь нь эмчлэх, 80 хувь нь өвчнөөс урьдчилан сэргийлэх хандлагад аяндаа орох шаардлагатай болчихлоо. Үүнтэй холбогдуулаад, ард түмэнд хандаж, “Өөрийгөө сайн таньж мэд. Аливаа өвчин тусахаас өөрийгөө бүрэн сэргийлж чаддаг болох ёстой шүү дээ” гэж хэлмээр байна.
-Ингэхэд Монгол хүний анатоми, физиологийн гол онцлог юу вэ?
-Тэгэхлээр эрүүл хүн гэж хэнийг хэлэх вэ гэдэг дээр дэлхийн анагаах ухаан тулгамдаж ирсэн. Яагаад гэвэл олон орны хүмүүсээс шинжилгээ авч, судалгаа хийхэд янз янзын үзүүлтүүд гарсан. Тухайлбал, Монгол хүнийх нэг өөр, Хойд мөсөн далайн эрэг хавиар амьдардаг якут, эскимосчуудынх нэг өөр, халуун орны хүнийх нэг өөр гарсан гэсэн үг л дээ. Сонирхолтой нь эрүүл мэндийн хувьд бүгд эрүүл гарсан.
Тэгэхлээр хэнийг нь эрүүл гэж үзэх вэ гэдэг асуудал тулгарсан. Сүүлд нь тухайн улсын экологийн нөхцөлөөс шалтгаалаад хүний эрүүл байх үзүүлэлт өөр юм гэдэг дүгнэлтэд хүрсэн юм даа. Тухайлбал, эрүүл Европ хүний үзүүлэлтийг Монгол хүнийхтэй харьцуулахад учир дутагдалтай. Ганцхан жишээ татахад, европ хүний цусан дахь сахрын хэмжээ 80-120 миллиграмм байдаг. Монгол хүнийх болохоор үүнээс арай бага хэмжээтэй.
Анагаах ухаан хэмжээндээ хүрэхгүй бол сахар багадсан, илүү гарсан бол сахар ихэссэн гэж үздэг. Гэхдээ бидэнд угаасаа бага байдаг хэмжээг өвчин гэж үзэж болохгүй. Европын хүнтэй харьцуулбал сахар багадсан гэж үзээд буруу оношлох нь байна шүү дээ. Түүнээс гадна Монгол хүний цусан дахь өөх тосны хэмжээ халуун орны хүнийхээс их байдаг. Тэдэнтэй харьцуулж үзвэл биднийг өвчтэй гэж үзмээр. Гэтэл цусан дахь өөх тосны хэмжээ их байх нь Монгол орны эрс тэс уур амьсгалд дасан зохицох нэг гол үзүүлэлт юм л даа.
-100 метрт гүйсэн монгол хүний судасны цохилт европ хүнийхээс цөөн байдаг гэлцдэг. Энэ өнөөх л байгаль экологийн онцлогтой холбоотой юу?
-Тийм л дээ. Монголчууд европчуудыг бодвол харьцангуй өндөр газар амьдардаг. Улаанбаатар л гэхэд далайн төвшнөөс дээш 1350 метрт оршдог. Европ хүний биеийг дасан зохицох чадварт суулгахын тулд далайн төвшнөөс дээш 1500-2500 метрийн өндөрт бэлтгэл хийлгэдэг гэдэг. Харин бид эрүүл мэндээ чийрэгжүүлэх байгалийн цэнгэлдэх хүрээлэнтэй улс. Өрөөр хэлбэл, аливаад дасан зохицох чадвартай гэсэн үг л дээ. Энэ бол их ховор хувь заяа. Юманд амархан дасдаг, ой сайтай, гүйлгээ ухаантай маань газар нутгийн маань онцлогтой холбоотой шүү дээ. гагцхүү үүнийгээ л ашиглах ёстой.
-Сүүлийн үед Монгол хүний физиологид өөрчлөлт орж байна уу?
-Монгол хүн ч чинь уг нь мөч богинотой, яргай махтай, өөх багатай шүү дээ. Харин сүүлийн үед эрүүл мэндээ анхаараагүйгээс харьцангуй таргалж эхэллээ. Гэхдээ сүүлийн үеийн хүүхдүүдийн физиологид анзаарагдам өөрчлөлт орж байгаа. Ялангуяа суурин газрын хүүхдүүдийн мөч уртасч байна.
-Монгол хүний бие, физиологийн онцлог спортын ямар төрөлд амжилт гаргах боломжтой вэ?
-Биеийн давуу тал, онцлогоо ашиглаад зүтгэвэл бөх, бокс, байт харвааны төрөлд тогтвортой амжилт гаргасаар байх болно.
-1981 онд Монгол хүн анх сансарт ниссэн. Энэхүү агуу үйл хэрэгт оролцож, түүхийг нь босголцсон хүний нэг бол та. Тэр цагаас л хойш л “Сансрын” Лхагва гэгдэх болсон билээ. Тухайн үеийн хамгийн сэтгэл хөдлөм дурсамжаа одоо нэг дурсаач?
-“Сансрын Лхагва” гэдэг үгэнд анхандаа дургүй байлаа. Харин одоо бол дуртай шүү. Миний оюун бодол, авъяас чадвараа зориулж явсан том үйл хэргийн илэрхийлэл болгож надад ийм овог хайрласан биз ээ. 1977 оны дөрөвдүгээр сараас сансрын нисэгчдийг сонгон шалгаруулах ажил эхэлсэн. Маш олон арван хүний материал судалсан. Тодруулбал, 1000 гаруй хүнээс эхний удаад гучийг нь шалгаруулж авсан.
Тэгээд 1977 оны тавдугаар сард энэ хүмүүсээ эмнэлгийн үзлэгт оруулсан. Гэтэл 26 нь хасагдчихав. Үлдсэн дөрвөн хүний гурав нь дунд боловсролтой, нэг нь инженер-нисэгч мэргэжилтэй дээд боловсролтой хүн байв. ЗХУ-ын (хуучнаар) ШУА-ийн дэд ерөнхийлөгч, “Интеркосмос” зөвлөлийн дарга, академич Б.Н.Петров манай оронд ирж дөрвөн хүнтэй маань танилцлаа. Гэтэл мань хүн гурвыг нь “голчихпоо”. Дунд боловсролтой гэж тэр шүү дээ. Тэрбээр “Дахин шалгаруулалт хий. Дээд боловсролтой л бол мэргэжил хамаагүй шүү” гэлээ. Дахиад л хүн хайж олох ажилд гарлаа. Холбооны яам, Түлш эрчим хүчний яам, Батлан хамгаалах яам, Академийн хүрээлэнгүүд гээд л яваагүй газар бараг байсангүй дээ, надад. Үүний үр дүнд 13 хүн оллоо. Гаднаас нь сайхан эрүүл залуучууд. Гэхдээ эмнэлгийн үзлэгээр гурав нь л тэнцсэн юм. Тэд л бол Ж.Гүррагчаа, М.Ганзориг, С.Сайнцог нар байлаа. Ингээд хамгийн түрүүнд 1000 хүнээс тэнцсэн Н.Сүрэнхорлоотой нийлээд дөрвөн шилэгдмэл залуутай болж авлаа. Нэг их удалгүй хүн болчихлоо гэж хойшоо мэдэгдэв. Гэтэл “Бид очихгүй ээ. Нөхөр Л.Лхагвагийн ажилласан туршлагыг үндэслээд та бүхэнд итгэж байна. Хүмүүсээ аваад шууд ир” гэсэн хариу ирдэг байгаа. Би түгшиж эхэллээ. Миний олсон хүмүүс тэнцэхгүй бол яанаа гэж бодохоос л өөрийн эрхгүй сандраад байсан юм. Тэгээд яахав дээ, Москвад очиж 1978 оны нэгдүгээр сарын 19-нөөс хоёрдугаар сарын 15-ыг хүртэл тусгай эмнэлэгт үзлэг хийлгэсэн. Баярлууштай нь дөрвөн залуугийн маань гурав нь ажиггүй тэнцчихлээ. Харин нэг маань үндсэндээ тэнцэж, ганцхан шинжилгээний хариу ээдрээтэй гарсан. Гэхдээ 60 шинжилгээний 59-д нь тэнцэнэ гэдэг нь том үзүүлэлт шүү дээ. Гурван нөхрөөс маань Ж.Гүррагчаа, М.Ганзориг хоёр МАХН-ын Улстөрийн товчоогоор батлагдаж сансарт нисэх бэлтгэлдээ гарч билээ.
–Сонгон шалгаруулалтын явцад Ж.Гүррагчаа, М.Ганзориг хоёрын биед гарах өөрчлөлтийг эмчийн хувьд мэдээж байнга ажигладаг байсан байх. Тэр хоёрт бусад орны нисгэгчдээс ялгарах ямар давуу тал ажиглагдсан бэ?
-Хамгийн хүнд центрфугийн буюу дүүгүүрдэх шинжилгээг гайхалтай давсан. Центрфуг гэдэг маань маш хурдан эргэдэг биет юм шүү дээ. Зарим орны хүмүүс ухаан алдаж байхад манай хоёр юун ухаан алдах, бараг инээж байсан. Энэ маань өнөөх Монгол хүний онцлогтой холбоотой шүү дээ. Ер нь Монгол хүн дахиж сансарт нисэх байх аа. Байгалиасаа эрүүл чийрэг, авъяас чадвартай заяасан бидэнд тийм хувь заяа ногдох биз ээ. Би хувьдаа үүнийг маш их мөрөөдөж байна. Бүр өөрөө биш юм аа гэхэд, шавь нараа тэр нисэгчдийн эмч болсон мэтээр төсөөлдөг юм.
-Сансарт хэдхэн хоногийн өмнө Ж. Гүррагчааг мэс засалд орсон гэж ярьцгаадаг. Үнэхээр тийм зүйл болсон хэрэг үү?
-Улирал тутамд сансрын нисэгчдэд гүнзгийрүүлсэн эмнэлгийн үзлэг хийдэг. Тэр үзлэгээр Гүрээ зүгээр гарсан юм. Харин намайг Улаанбаатарт эргэж ирээд байтал (1981 оны хоёрдугаар сарын сүүлч) Гүррагчаа хагалгаанд орлоо гэдэг мэдээ ирлээ. Би ч бодлоо. За баларлаа олгой үрэвссэнээс зайлахгүй гэж. Тэгээд яаран сандран Москва явлаа. Гэтэл Гүрээ хагалгаа хийлгэсэн ямар ч шинжгүй сууж байв. Оросууд ч “Та тайвшир. Гүрээ нисэх хэвээр байгаа” гэлээ. Үнэндээ бамбай булчирхайны хажууд байдаг уйланхайг авсан юм билээ. Мэс заслыг лазераар хийсэн болохоор ямар ч сорвигүй эдгэсэн дээ.
-Ж.Гүррагчааг сансарт нисэх мөчид юу бодогдож байв даа?
-Ер нь энэ бүхнийг дурсахаар миний сэтгэл их хөдөлдөг юм. Догдлохгүй байхын аргагүй том үйл хэрэг болоод өнгөрсөн болохоор аргагүй л дээ. “Союз-39” хөлөг хөөрөх мөчид би яг хажууд нь байсан. Гүрээтэйгээ тусгай автобусанд хамт явж байгаад скафандр (сансрын нисгэгчийн тусгай өмсгөл) өмсдөг өрөө рүү оруулаад л салсан. Тэр хооронд их юм бодогдсон доо. Бие нь сайн байгаа. Гэхдээ яг хөөрөх агшинд юу ч болоо билээ. Хөдөлгүүр нь ажиллахгүй бол яах вэ, өөр осол гэмтэл гарвал яана, Ер нь зүгээр л байгаа даа гэх зэрэг есөн шидийн бодол төрсөн дөө. Гүрээгийн хувьд эх дэлхийдээ газардаад тун ч удалгүй газрынхаа нөхцөлд дасч билээ. Ердөө 30 минутын дараа миний бие хөнгөрөөд явчихлаа гэсэн. Дуу аялж ч байх шиг. Сансраас бууж ирсэнийхээ орой нь усанд орсон. Би “Усанд орж байхдаа дуу дуулаарай, чи” гэж сүр болж билээ. Гэнэт ухаан алдаж магадгүй гэж бодоод тэр шүү дээ. Ингэж усанд орох хүнийг манах хэрэг гарсан юм даа (инээв).
–Бага байхдаа хэзээ нэгэн цагт сансар огторгуйтай холбогдоно гэдгээ төсөөлж байв уу?
-Би сургуульд орохоосоо өмнө машины барааг харах гэж их хүсдэг байлаа. Дөрвөлжин сум бөглүү газар оршдог болоод ч тэр үү тэр болгон машин тэрэг харагдахгүй. Хааяа нэг машины мөр харахаараа би дагаад давхичихдаг байсан. За энэ ч яахав. Хүүхэд техник их сонирходогийн нэг жишээ л дээ. Харин намайг нэгдүгээр ангид байхад аав маань орой ирээд “ЗХУ хиймэл cap хийж гэнээ” гэдэг юм байна. Би бушуухан харайж гараад хартал бидний мэддэг сарнаас өөр cap харагдсангүй. Маргааш ангидаа ирээд багшдаа хэлбэл, “Хиймэл cap биш хиймэл дагуул байлгүй дээ” гэж билээ. Ер нь бидний багад сансар огторгуйн сонин хачин сэтгэлийг минь илүү эзэмддэг байж дээ. Аравдугаар ангид байхад зохион бичлэгийн гурван сэдэв өгсөнөөс “Сансрыг эзэмшихэд ЗХУ-ын олж буй амжилт” гэдэг сэдвийг ганцаараа сонгож билээ. Хожим нь энэ ажилд өөрөө татагдсанаа бодохоор сонин л санагддаг юм. Өөрөөр хэлбэл, гайхаж, биширч явсан салбартаа нэлээд хэдэн жилийн дараа татагдана гэдэг сонин хувь заяа.
Ярилцсан Д.Лхагвадорж