Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн гуайтай одоогоос 18 жилийн өмнө ийнхүү ярилцаж байлаа. Бараг 20-иод жил өнгөрсөн байхад тухайн үед байсан нийгмийн хүндрэл бэрхшээл, оюуны ядуурал одоо ч байсаар байгаа нь энэхүү ярилцлагаас харагдах шиг.
-Бүтээж туурвихаас илүү алжаалаа тайлахад зун хамгийн тохиромжтой улирал. Хүмүүс өвлийн хүйтэнд ажлаа амжуулаад дэлгэр цагт амрахыг боддог. Таны хувьд?
-Зун цаагуураа их назгай улирал. Надад наранд мансуурсан тэнэг улирал шиг санагддаг. Тэгээд ч би найр наадамд явдаггүй болохоор улирлын сайхныг гойд мэдрэлгүй өнгөрөөсөн удаа бий. Ер нь би аль ч улиралд хэвийн ажилладаг.
-Таны бүтээлд эртний домог, энэрэл хайрын сэдэв зонхилдог. Харин цаг үеийн үзэгдэл тэр болгон тусдаггүй…
-Яруу найрагч хүн өөрийнхөө амьдарч буй он цагийн гэрч буюу дууч биш. Бид социалист реализмын үед нийгмээ дуулъя гэж бүтээж, туурвидаг байсан. Үнэндээ уран зохиолдоо хүн болгон мөнхөрдөггүй. Харин өөрийгөө мөнхрөх юм шиг санаж мөнхийн сэдвийг бичих ёстой. Өөрөөр хэлбэл хүний ухааныг, сэтгэлийг дуулах ёстой. Тэгэхлээр яруу найрагч гэдэг цаг үеийн тусгал биш, цаг үеийн тайлан биш, үнэлгээ биш, цаг үед үйлчлэх зарц ч биш. Сэрэл, мэдрэмж, сэтгэлгээний товчлон илэрхийлсэн яруу үзэгдэл юм.
Таны хувьд яруу найргийн онол гэж байж болох уу?
-Яруу найраг өөрөө язгуурын онолтой. Яруу найрагт мухардсан найрагчдын эрлийн ачаар олдсон олон урсгалууд энэ яруу найргийн онолыг сатааруулж байна. Аливаа юм ирээдүйд захирагдахаас гадна үүсгэлдээ захирагдах ёстой. Ингэж үздэгээрээ би хуучинсаг байж магадгүй.
-Таны “Үр могой” туурийн талаар цөөнгүй хүн шүүмж хэлсэн. Ялангуяа гоо зүйн талаасаа зарим судлаачдын анхаарлыг татсан байх.
-“Үр могойг” би яагаад ч юм хэнд ч шүүмжлүүлмээргүй санагддаг. Хүний тархин дотор хувийн оргил гэж байдаг бол “Үр могой” миний оргил бүтээлийн нэг. Гоо зүйгүй муухай гэж ерөөсөө байдаггүй. Өөрөөр хэлбэл, би муухайд хүртэл гоо сайхан бий гэдгийг батлах гэж байна. Аливаа гашуун үнэн гэдэг бол яруу сайхангүй харагдаж болно. Яагаад гэвэл үнэн гэдэг чинь нүцгэн байдаг юм.
-Яруу найраг таны дотоод сэтгэлийн гүн ухаан, ертөнцийг үзэх үзэл юм аа даа?
-Тийм л юм чинь. Би зовлон жаргалыг, ер нь нь бүх юмыг яруу найргаар хардаг. Яруу найраг гэдэг надад хамгийн сайхан зүйл бөгөөд хамгийн архагшсан “өвчин”.
-Тэгвэл таныхаар амьдрал гэж юу вэ?
-Там, диваажин хоёроор нийлүүлж томсон дүүжлүүрийн олс. Ингэж хэлэхэд хатуудахгүй.
-Ямар улирлаар өөрийгөө төсөөлдөг вэ?
Би бол намар. Миний ухамсрын жимс хальсандаа багтахгүй болж намайг гэж тоосон хүний алган дээр унаж, насны эрхээр арга буюу өвгөрч, олон зулзаган мод тойруулсан мод боллоо л доо. Гэхдээ үзэх хавар болгоноо хүлээсэн мод байхыг хүснэ.
-Бавуугийн Лхагвасүрэн гэж хэн бэ?
-Биеэ тоосон, эцэстээ хүртэл туулширсан зөрүүд бодьгал юм. Би сайн юмандаа сайн шиг сайн, муудаа муу шиг муу. Өдөр тутмын амьдралын зовлон хүний мөн чанарыг их эвддэг. Тэр нөлөөлөөд би үндсэн чанартаа хэр ойрхон байгаа билээ гэж боддог. Өөрийгөө шинжлэх шинжилгээний хариу тийм сайн гарахгүй байна. Хүмүүс намайг янз янзаар үнэлдэг юм билээ. Тэр болгон сартай шөнө нохой хуцахтай адил.
-Хүн бүхэнд зиндаа байх ёстой юу?
-Надтай нэг зиндаанд амьдардаг хүмүүс гэвэл миний хань, үр хүүхдүүд. Бид нэг зиндааных. Бусад юман дээр би зиндаархдаггүй.
-Өнөөдөр таны сэтгэлийг юу эмзэглүүлж, зовоож байна вэ?
-Бусдаас нэг ч болов юмаар илүү байх сайхан. Гэтэл монголчууд оюуны илүүд атаархахаа болиод мөнгөнд атаархдаг болчихсон байна. Монгол Улсад баян хүмүүс байх ёстой. Гэхдээ ганцхан оюуны баячуудад үзүүлэх хүндэтгэл нь дутагдаж байна уу даа гэж боддог. Мөнгө өөрөө тэртэй, тэргүй хүмүүсийг татаж, атаархлыг цуглуулдаг донтой эд. Гэтэл оюуны илүү чанарт хүмүүс ингэж донтохгүй байна. Энэ бол бид үхсэн загас шиг толгойноосоо эхэлж ялзарч байгаагийн шинж.
-Маш өндөр боловсролтой, оюуны чадавхтай хүмүүс зонхиллоо гэхэд энэ нь эргээд ертөнцийн оршин тогтнохуйд нөлөөлөх болов уу?
Тэр бас бодууштай зүйл. Эртний соёлт Ромын мөхөл нь жигд ухаарлаас болсон гэдэг. Оюуны баяжилт хэрэв дэлхийд багтахгүй бол бид оршин тогтнож чадахгүй. Зан чанар, ухааны тэнцүү байдал гэдэг бол амьдралыг тогтоодог ганц хөшүүрэг. Би үүнийг хадгалах тухай ярьж байна.
-Бүх юм гундуу болохоор та сэтгэлээ яаж тайтгаруулдаг вэ?
-Хүн болгон хүүхэд байсан, биеэс нь сүү үнэртэж байсан гэж бодохоор тайтгардаг.
-Таны яриаг сонсоод байхад баахан гутранги үзэлтэй хүн юмаа гэж бодохоор байна?
-Би өөрийгөө уруугаа үзэлтэй хүн гэж боддог. Өөрөөр хэлбэл өөдрөг үзэлтэй байж чадаагүй. Гэхдээ миний ийм үзэл бол зөвхөн хувийн өмч болохоор ханьдаа ч юм уу, үр хүүхдүүддээ харуулахыг хүсдэггүй.
-Монголын яруу найргийн ирээдүйг та хэрхэн харж байна вэ?
-Яруу найраг гэдэг бол морьтой хүн тасардаггүй морины зэл юм. Тэд найргийн гэрт орж ирдэг, морилцгоодог. Гэхдээ найргийн өргөөнд хоймор гэж бий, хатавч гэж бий, эзэн суудал ч гэж бий. Бас зочны тал гэж байдаг. Энэ их хөлтэй өргөө хүнээр тасарна гэж үгүй. Тэгэхлээр монголчууд хэзээ ч яруу найргаар тасрахгүй.
-Төр түшилцэж явсан хүний тань хувьд асуух зүйл байна. Танд өнөөдөр ямар хууль санаачилмаар санагддаг вэ?
-Би хувьдаа төрт ёсны хатуу хууль санаачилмаар байна. Ёсгүй, тусгүй болсон засаглал гэдэг бол ардыг самууруулж, улсыг хүчгүй болгодог. Ард түмэн эзэнгүй байвал хамгийн бүдүүлэг овог аймгийн байгуулалтад шилжинэ гэсэн үг. Товчхондоо түүхийн том ухралт болно. Тухайн үед бид хохирно. Гэлээ ч ард түмэн мөнхийн ойлголт, бодит чанар учраас үүнийг гатлана. Гагцхүү их хохиролтой гатална. Үүнд л харамсаад баршгүй.
-Ийм үед хэн хэндээ бурууг тохоод нэмэргүй байх даа?
-Ямар ч тохиолдолд ард түмэн буруутай байдаггүй. Зөвийг олох гэж буруудсан хүмүүс л буруутай. Гэхдээ ард түмний дуулгавартайн, гэнэн сэтгэлийн буруу гэж байж болох юм. Тэгэхлээр өдөр тутам тохиолддог эмзэг цэгийг нь хөндөж ярихад үнэн юм ярилаа гэж ойлгож байгаа. Энэ нь аливаа нэгэн зальтай этгээдүүдэд оюунаа захируулж буй хэрэг юм. Тэгэхлээр ард түмэн гэнэн байгаа нь харагдаж байна.
-Энэ байдлыг хэн ойлгуулах вэ?
-Ер нь хувь хүний ухаарал өөрөөсөө гэгээрдэг. Ард түмэн ч тэр, төрийн түшмэдүүд ч тэр өөрөөсөө гэгээрэх ёстой. Гэхдээ ертөнцийн оюун ухаарал, сэтгэлгээний их өв дор шүү.
-Яруу найрагч хүн мэдээж өөрийнхөө бүтээл туурвилаар бахархана. Та хувьдаа уран бүтээлээсээ өөр юугаар бахархдаг бол?
-Би нэг их цэлийсэн тал руу хошуурч орсон дэнж дээр төрсөн. Тэр их тал шиг аз жаргал руу тэр дэнж шиг хошуугаа дүрж амьдарч байна даа гэж ойлгодог. Энэ бол хүн болсны бахархал. Тэр тусмаа Монгол хүн болсны дээд бахархал юм.
-Таны зарим зохиолын хэллэг маш хатуу гэмээр санагддаг. “Үхэл миний ижийдээ очих томилолтоо…” гэх жишээтэй. Үүнийг бичихэд хэр их хүч энерги шаардагддаг вэ?
-Их бодож тунгаасны үр дүн юм л даа. Би харьцангүй сэтгэлийн хөдөлгөөн багатай. Өөрөө хөдөлгөөнтэй байснаас найраг маань хөдөлгөөнтэй байгаасай гэж боддог.
-Орчин үеийн энэ их техникжилт, технологийн дэвшлийг дагаад хүний сэтгэл ч тийм болохыг үгүйсгэх аргагүй. Яавал тийш нь оруулахгүй байж болох вэ?
-Хүн оюун бодлоо, амьдралаа, хайр сэтгэлээ зовлонд булаалгаж болно. Харин ганцхан компьютерт булаалгаж болохгүй. Би компьютертэй шатар нүүж үзсэн. Хожих нь бүү хэл тэнцэж чадахгүй юм билээ. Тэгэхлээр лав миний шатар тоглох чадварыг компьютер хэдийнэ булаачихаж. Энэ мэтчилэнгээр би хувьдаа эзлэгдсээр дуусах юм шиг байна лээ. Тэгэхлээр компьютерийг үзэн ядаж байна.
Дажсүрэнгийн Лхагвадорж