Б.Уранжаргал: Сум орон нутгаа аймгийн ИТХ-д төлөөлж байгаа хүн их чухал үүрэг хүлээдэг
Хүүхдэд хайртай, ёстой л багш болох гэж төрсөн хүн гэж Батмөнхийн Уранжаргалыг л хэлэх байх. 2003 онд МУБИС-ийг Нийгмийн ажилтан мэргэжлээр төгсөнөөсөө хойш төрөлх сумынхаа Ерөнхий боловсролын сургуульд мэргэжлээрээ тасралтгүй 17 дахь жилдээ ажиллаж байна. Хот хүрээ бараадаж зах зээл хөөвөл түүнд мэдээж боломж байсан л байх. Хамгийн гол нь өөрөө ажил, мэргэжилдээ туйлаас дуртай болохоор илүү юманд шунах сэтгэл түүнд байсангүй. “Төрж өссөн нутагтаа хүүхдийн төлөө, хүний төлөө ажиллахаас илүү сайхан зүйл хаана байхав дээ” гэдэг ганц үгнээс нь Б.Уранжаргал гэж ямархуу хүн бэ гэдэг нь харагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, дотоод сэтгэлийн хувьд гэгээлэг бүсгүй юм даа гэсэн бодол өөрийн эрхгүй төрж билээ. Ингээд түүнтэй ярилцсанаа сонирхуулая.
-Ажлаар, амралтаар Баянчандмань суманд мөн ч олон удаа очсон доо. Гэхдээ тантай одоо л уулзаж байна. Хамгийн гол нь орон нутагт ажил, мэргэжлээрээ амжилт гаргаж яваа эгэл жирийн багш хүнтэй ярилцаж байгаадаа олзуурхаж байна.
-Баярлалаа. Ярилцлага авах санал тавьсан танд ч талархаж байна.
–Аливаа ярилцлагын уламжлал ёсоор манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Миний бие 1999 онд Төв аймгийн Баянчандмань сумын Ерөнхий боловсролын сургууль, 2003 онд МУБИС-ийг Нийгмийн ажилтан мэргэжлээр тус тус дүүргэсэн. Мөн 2009 онд ШУТИС-ийн Хүмүүнлэгийн сургуульд “Сургуулийн үйл ажиллагаанд эцэг, эхчүүдийг татан оролцуулах нь” сэдвээр магистрын зэрэг хамгаалсан. Эдүгээ 17 дахь жилдээ Баянчандмань сумынхаа Ерөнхий боловсролын сургуульд Нийгмийн ажилтнаар ажиллаж байна даа.
–Нийгмийн ажилтан гэдэг мэдээж амаргүй ажил. Энэ талаасаа шантрах үе байсан уу?
-Энэ мэргэжлийг эзэмшихэд аав, ээжийн хүмүүжлийн нөлөө их байсан. Би багаасаа л нийгмийн идэвхтэй хүүхэд байлаа. Сургуулийн арга хэмжээнээс хойшоо суух талаар огт бодож байгаагүй. Нэгэнт мэргэжил, мэдлэгийг нь эзэмшсэн болохоор аль болох үр дүнтэй ажиллахыг анхнаасаа л хичээж ирсэн. Одоо ч мэргэжилдээ эзэн болж чадахгүй бол энэ ажлыг хийгээд хэрэггүй гэдэг хатуу зарчим баримталж, өөрийгөө хурцалдаг юм. Хүүхдүүдтэй ажиллана гэдэг миний хувьд аз жаргал. Энэ утгаараа хүүхэд нэг бүрийг зөв хүн болоосой гэж чин сэтгэлээсээ бодож ажилладаг. Хувь хүний зөв төлөвшлөөс л улс эх орны хувь заяа шалтгаална шүү дээ. Тийм учир ажил мэргэжлээрээ бахархаж явдаг.
-Таны магистрын зэрэг хамгаалсан сэдэв их сонирхолтой юм. Амьдралд илүү ойр гэх үү дээ. Өөрөө сонгосон сэдэв үү?
-Хүүхдийн хүмүүжил мэдээж амьдралын орчин, эцэг, эхийн хүмүүжлээс хамаарна. Бас сургуулийн орчин, багш нарын хандлага ч маш чухал. Өөрөөр хэлбэл, хоёр талын өнцгөөс хүүхдийн хүмүүжлийг тодорхойлох ёстой гэсэн үг л дээ. Энэ талаасаа би анги удирдсан багш нартай хамтран сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэднийг дэмжин ажиллах талаар анхааран ажиллаж, дугуйлан, секцэнд нийт хүүхдийг хамруулахад ажил зохиосноор 2013-2014 оны хичээлийн жилд нийт сурагчдын 84,7 хувь, 2014-2015 оны хичээлийн жилд 90,1 хувь нь дугуйлан секцинд хамрагдсан. Энэ амжилтаа бататгах, улам ахиулахын тулд 2015 оноос хойш 90-95 хувьд хүргэх зорилго тавин ажиллаж байна даа. Сурагчдын сургалт, хүмүүжлийн ажлыг төрийн болон, төрийн бус байгууллага, мөн олон улсын байгууллагууд, иргэд, аж ахуйн нэгжтэй хамтран зохион байгуулж хэвшсэнд сэтгэл маань өндөр явдаг юм. Боловсолын байгууллагын ажилтан хүний хувьд өөрөө санаачлаад зүтгэвэл биелэхгүй ажил гэж бараг байхгүй гэж боддог. Гадаад, дотоодын олон байгууллагын дэмжлэгээр нэлээдгүй ажил зохион байгууллаа. Тухайлбал, хүүхдийг ая тухтай орчин нөхцөлд суралцах, ээлтэй орчин бүрдүүлэх зорилгоор сургуулийн номын санчтай хамтран “Тогтвортой амьжиргаа -2” төслийн хүрээнд 60 хүүхдийн суудалтай 14,000,000 өртөг бүхий “Хүүхдэд ээлтэй номын сан” төслийг 2012-2013 оны хичээлийн жилд хэрэгжүүлсэн бөгөөд Төв аймгийн ЖИШИГ номын сангаар шалгарсан.
-Хүнийг хүн болгоход “Багш-Эцэг, эх-Сурагч” гэсэн гурвалжсан холбооны харилцаа хамгийн чухал. Та болон танай хамт олон энэ хандлага руу маш их анхааран ажиллаж байгаа юм байна гэж ойлголоо?
-Тэгэлгүй яахав. “Багш-Эцэг, эх-Сурагч” гэсэн харилцааг бэхжүүлэхэд чиглэсэн ажлуудыг тогтмол зохион байгуулдаг. Энэ хүрээнд 2015 оноос хойш жил бүр “Хүүхдээ хүмүүжүүлэх эерэг аргууд”, “6 настай хүүхдийн онцлог”, “Боловсрол гэр бүлээс эхэлдэг”, “Хүүхдээ хүчирхийллээс хамгаалая”, “Эцэг, эхчүүдийн тайлант өдөрлөг” зэрэг сургалт, ярилцлага, нээлтэй өдөрлөгийг зохион байгуулсан. Давхардсан тоогоор 2500 эцэг, эхчүүд оролцсон нь сумын хэмжээнд том үзүүлэлт шүү дээ.
-“Боловсролын байгууллагын ажилтан хүнд санаачилга их чухал юм. Манай Уранжаргал багш үнэхээр идэвхийлэн зүтгэсний хүчинд олон сайхан ажил, төсөл хөтөлбөрүүд хэрэгжсэн” гэж танай сургуулийнхан ам сайтай байна. Энэ талаараа ярина уу?
-Хүүхдийг багаас нь санаачилгатай болгож хүмүүжүүлбэл ирээдүйд зөв амьдраад л явна. Тэр үүднээс сайн дурын ажлуудыг хүүхдүүдийн оролцоотойгоор хийх талаар хийж хэвших талаар бүр 2004 оноос санаачилга гаргаж “Тэмүүлэл”, “Сурагчдын зөвлөл”, “Өсвөрийн манлайлагч”, “Өсвөрийн сурвалжлагч” зэрэг бүлгүүдийг идэвхжүүлэх ажлуудыг зохион байгуулснаар одоогоор 90 гаруй хүүхэд хамрагдаж байгаа. Багш нар нь санаачилга гаргаад ирэхээр хүүхдүүд ч идэвхжээд ирдэг юм билээ. Тухайлбал, манай сурагчдын санаачилсан “Нэг анги-Нэг ахмад настан”, “Малчдад туслах хариу нэхээгүй тус”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдэд туслая”, “Өөртөө байгаа зүйлээ найздаа өгье” зэрэг олон аяныг амжилттай зохион байгуулсандаа баяртай байна.
-Орон нутгийн сургуульд ийм сайн багш, ийм сайн хамт олон байгаад сэтгэл ихэд өндөр байна. Үнэхээр төвийн сургуулиудад ч туршлага болохоор олон сайхан зүйлийг та дурдлаа? Таны ажил, амьдралыг хүүхэдгүйгээр, нийгмийн сайн сайхны төлөө гэсэн хүчин чармайлтгүйгээр чинь төсөөлөхийн аргагүй юм байна гэж бодлоо?
-Хүүхэд гэдэг бол хамгийн гэгээлэг, ариун бодьгал. Сургуулийн хашаагаар ороод ирэхэд бужигнасан олон хүүхэд угтах шиг сайхан зүйл үгүй. Тэдэнд муу муухай зүйл бүү үзүүлж байгаасай л гэж би чин сэтгэлээсээ боддог. Энэ үүднээсээ гэрэл гэгээтэй, ухаарал хайрласан, эргэцүүлэн бодох ажлуудыг дандаа хийх юмсан гэж хичээж явна.
-Ингэхэд яагаад орон нутгийн сонгуульд нэр дэвшихээр шийдэв?
-Сум орон нутгаа аймгийн ИТХ-д төлөөлж байгаа хүн их чухал үүрэг хүлээдэг. Тэнд сумынхаа иргэдийн дуу хоолойг хүргэж, төрөөс баримталж байгаа бодлого шийдвэрийг сум орон нутагтай холбоход хувь нэмрээ оруулдаг алба шүү дээ. Тийм учраас сумандаа олон жил мэргэжлээрээ ажиллаж нийгмийн чиглэлийн ямар асуудал тулгамдаж байгааг олж харсан хүнийхээ хувьд нэр дэвшье гэж болсон юм. Тэгээд ч МАН бол хүн төвтэй нам. Үзэл санаа нь миний үзэл бодолтой нийцдэг болохоор аливаа бодлогын чанартай санал санаачилга маань саадгүй дэмжигдэнэ гэдэг итгэл үнэмшлээр МАН-ыг сонгож, элссэн.
-Таны дэвшүүлж буй зорилтын гол агуулга юу вэ?
-Төв аймгийн МАН-ын Мөрийн хөтөлбөрийн хүрээнд ажиллана. Товчхондоо Засгийн газрын бодлого шийдвэр, аймгийн МАН-аас дэвшүүлсэн Мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө багаараа хамтраад, хүчээ нэгтээд явна даа. Мөрийн хөтөлбөрөө сум орон нутагтаа багаараа хэрэгжүүлэх бүрэн боломж гараад ирж байгаа юм. 41 нэр дэвшигчийн 10 нь эмэгтэй. 24 орчим хувь нь гэсэн үг. Эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй хамтраад гэр бүл, хүүхэд, залуучууд руу анхаарч ажиллана. Дахин хэлэхэд МАН бол хүн төвтэй зүүний нам. Тэр хүрээнд л бодлогоо төлөвлөж зүтгэнэ.
–Баянчандмань суманд гэр бүл, хүүхэд, залуучуудын тулгамдсан ямар асуудал байна вэ? Нийгмийн ажилтан хүн гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудлыг гярхай тусгаж авдаг нь мэдээж. Энэ талаасаа нийгмийн эмзэг үзэгдлийг илүүтэй мэдэрдэг байх даа?
-Хүүхдийн хүмүүжил гэр бүлийн орчин, эцэг, эхийн хандлагаас хамаардаг гэж би дээр хэлсэн. Эерэг хандлага төлөвшүүлэхийн тулд “Багш-Эцэг эх-Сурагчын холбоо” их чухал. Зарим эцэг, эхчүүдийн хүүхэддээ хандах хандлагыг нь хараад үр хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэх арга барилд сургах хэрэгтэй юм байна гэж бодсон. Хүүхэд, гэр бүлдээ илүү цаг зарцуулж, илүү зөв хандлага эзэмшсэнээр хүүхдийн хүмүүжил өөрчлөгдөнө гэж үзэж эцэг, эхчүүдэд сургалт, зөвлөгөөний ажлыг байнга зохион байгуулж ирсэн. Өөрөөр хэлбэл, насны онцлогийг нь маш сайн анзаарч хүүхдүүдтэйгээ харилцах арга ухааныг зааж өгөхөд анхаарч байна даа.
Б.Уранжаргалтай ярилцаж байхад Нийгмийн ажилтан гэдэг үүрэг хүлээсэн хүн ингэж л ажиллах ёстой юм байна даа гэдэг бодол өөрийн эрхгүй төрж билээ. Хөдөлмөрч хэрнээ даруухан эл бүсгүй хүүхдийг хүмүүжүүлэх, эцэг, эхчүүдийн хандлагыг өөрчлөх, сургуулиа хөгжүүлэхийн төлөө оюун бодлоо чөлөө завгүй ажиллуулж ирсэн нь бахдууштай. Хамгийн гол нь хүний төлөө хөдөлмөр зүтгэлээ зориулах сэтгэл түүнд байгаа нь олз.
Сэтгүүлч Д.Лхагвадорж