-Даланзадгад маань Монгол Улсын хоёр дахь том хот болох цаг ойрхон-
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын орлогчоор ажиллаж буй Эрдэнэбилэгийн Мөнхболортой уулзаж ярилцая, санаа бодлыг нь сонсоё гэдэг бодол төрсөн нь нэлээд эрт. Залуу хүн гэхэд ер нь ажил хэрэгч, ирээдүйтэй боловсон хүчин гэж нутгийнхан нь ам сайтай байдаг юм билээ. Ярилцах боломж гарлаа. Чамбай эмэгтэй юм. Хүний үгийг сонсч, асуултад хариулж байгаа нь цаанаа л няхуур. Бас нутаг орноо хөгжүүлэх талаар олныг бодож, төлөвлөж, эхнээс нь хэрэгжүүлж байгаа нь олзуурхууштай санагдсан. Ингээд ярилцлагаа сонирхуулая.
–Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Сайн байцгаана уу? Сайхан намаржиж байна уу? Намайг Эрдэнэбилэгийн Мөнхболор гэдэг. Миний бие 1986 онд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд Эрдэнэбилэгийн хоёр дахь хүүхэд болон мэндэлсэн. Нэг ах, 2 дүүтэй, айлын ууган охин. Миний аав гал унтраах 21 дүгээр ангийн “Аврагч-гал сөнөөгч” байсан. Ээж маань цэцэрлэгийн багш хүн. Одоо бол тэтгэвэртээ гарсан. Би 1994 онд Даланзадгад сумын Улсын тэргүүний 3 дугаар сургуульд элсэн орж 2004 онд төгссөн. 2004 ондоо Их засаг их сургуульд элсэн орж 2008 онд “Эрх зүйч” мэргэжлээр төгссөн. 2012 онд Удирдлагын академийг “Төрийн захиргааны удирдлагын менежер” мэргэжлээр төгсөж эдүгээ Даланзадгад сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байна. Нөхөр охин, хүүгийн хамт амьдардаг.
-Ярилцлага авахын тулд таныг мэдэх хэд хэдэн хүнтэй уулзсан. “Ажил хэрэгч, зарчимч бүсгүй” гэдэг тодорхойлолтыг илүүтэй хэлж байх юм. Энэ бол бусдад хүлээн зөвшөөрөгдөж байгаагийн нэг тод илэрхийлэл гэж би хувьдаа дүгнэсэн? Таны ажил, амьдралдаа баримталдаг зарчим, бас хүсэл мөрөөдөл, зорилгыг чинь сонирхож болох уу?
-Юуны өмнө ярилцлагадаа урьж оролцуулж байгаа таньд баярлалаа. Их сургуулиа төгсөөд нутагтаа ирж ажил, амьдралынхаа гарааг эхэлсэн. Миний хувьд нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулдаг олон нийтийн байгууллагуудад нэлээд хэдэн жил тууштай зүтгэж ирсэн. Тухайлбал, залуучууд, эмэгтэйчүүдийн байгууллагад ажиллаж тэдний хүсэл эрмэлзлэл, санаа бодлыг нь сонсож, хамтран зүтгэж байна. Орон нутгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийнхээ төлөөлөл болон сонгогдож ажиллаа. Энэ хугацаанд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамжийн асуудалд түлхүү анхаарч ирлээ. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд Даланзадгад сум тэр дундаа Өмнөговь аймгийн маань хувьд эрчимтэй хөгжлийн он жилүүд байлаа. Тэр ч утгаараа аймаг маань Монгол Улсын Шилдэг аймгаар 3 удаа шалгарч, Даланзадгад сум маань тэргүүний сум болсон. Ийм амжилтад хүрэхэд энэ цаг үеийг хамтдаа бүтээлцэн мөр зэрэгцэн ажиллаж байгаа албан хаагчид болон аж ахуй нэгж иргэдийн маань оролцоо хамгийн чухал нь байсан. Намайг онцлохоос илүү энэ амжилтыг бүтээхэд оролцсон хүн бүрийн оролцоог чухалчлах хэрэгтэй.
Би суутнууд болон өвөг дээдэс, өтгөс буурал, аав, ээж, ачит багш нарынхаа хэлсэн үгийг байнга бодож тунгааж, явдаг. Жишээ нь, “Шаргуу хэрнээ чимээгүй хөдөлмөрлө, гаргасан үр дүн тань чиний өмнөөс ярих болно”. Энэ л үгийг амьдралынхаа гол зарчим болгож ажилладаг.
Гэр бүлийн хүмүүжил бол хамгийн том өв хөрөнгө шүү дээ. Миний аав, ээж намайг бага байхаас л хөдөлмөрч, шударга, тууштай, үнэнч зан чанартай болгож хүмүүжүүлсэн. Би энэ зан чанарыг ажил алба, найз нөхөрлөл, амьдралдаа хэрэгжүүлэхийн төлөө цаг үргэлж хичээдэг. Цаашдаа ч үр хүүхдээ ийм байдлаар өсгөн хүмүүжүүлнэ гэж боддог юм.
Ирээдүйд миний хийж санаачилж сэдсэн ажлууд маань биелэлээ олж үр хүүхдүүд маань түүгээр бахархаж, хийсэн бүтээсэн зүйлтэй үлдэх л миний хамгийн том хүсэл мөрөөдөл юм даа.
–Хувь хүний хүмүүжил, ёс суртахууны талаар хамгийн их ярих ёстой цаг өнөөдөр мөн гэдэгтэй олон хүн санал нийлдэг. Нийтийн эрх ашигтай хамаатай асуудал учраас дээр, дооргүй л анхаарах ёстой атал харамсалтай нь орхигдуулаад байна. Зөв хүн гэж таны хувьд хэн бэ?
-“Гутал хаддаг хүнд ч, хөгжим зохиодог хүнд ч амжилт гэж байдаг. Амжилт хүн болгонд бий”… гэж Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай хэлсэнчлэн өөр, өөрийнхөө салбартаа ажил мэргэжлээрээ үнэлэгдэн дүгнэгдэж түүнийхээ үр шимийг хүртэж яваа хүмүүсийг л зөв хүн гэж ойлгодог.
–Хүний орчин ахуйд сошиал гэдэг зүйл хүч түрэн орж ирснээс болоод ном уншдаг хүн ховордлоо гэлцэх юм. Уг нь уншиж байж л сэтгэдэг биз дээ? Энэ талаар таны бодлыг сонсоё?
-Ном унших дуртай. Ном уншдаг залуучууд олон болоосой гэж хүсдэг. “Бид ном уншдаг аймаг болно” гэсэн уриан дор бүх багийн төвүүд дээр явуулын номын сан ажиллуулж, зарим багуудын төвд номын булантай болсон. Залуучууд маань бүр уншсан номоо аваачиж тавьдаг булантай болсон байна лээ. Миний хувьд түүхэн зохиолд дуртай. Ялангуяа Б.Шүүдэрцэцэг, Б.Сарантуяа, Ц.Оюунгэрэл зэрэг орчин цагийн эмэгтэй зохиолчдын түүхэн зохиолуудыг сонгон уншдаг. Заримдаа ном захиж уншаад азтан болсон тохиолдол ч бий. /инээв/
-Эх орноо хайрлах сэтгэл ижий, аав, элгэн түмэн, унасан газар, угаасан усаа хайрлахаас эхэлдэг гэдэгтэй та санал нийлэх байх. Үүнтэй холбоод асуухад чухам юунд таны сэтгэл эмзэглэж явдаг вэ?
-Би нар ээсэн дулаахан говь нутагтаа төрж өссөнөөрөө туйлын бахархаж явдаг. Говь нутгийн хүмүүс маань говь шигээ халуун дулаан, уужуу тайван, элгэмсэг дотно, ажил хичээнгүй, хөдөлмөрч ард түмэн. Манай аймаг бол уул уурхайн салбар эрчимтэй хөгжсөн улсын эдийн засгийн түшиц газар юм. Харамсалтай нь үүнийг дагаад хариуцлагагүй уул уурхайн олборлолт ихэссэн, ундны усны хомсдол бий болж байгаад сэтгэл маань туйлын их эмзэглэж явдаг.
-Ер нь эх оронч хүн гэж таныхаар ямар хүнийг хэлэх вэ?
-Намайг дунд сургуулийн сурагч байхад МҮОНР-аар “Хэл, хил, мал гуравтайгаа байвал хэн баян Монгол баян…” гээд л Ардын уран зохиолч З.Дорж гуайн шүлгийн хэсгээс явдаг байлаа. Тухайн үед нэг их анзаардаггүй байжээ. Одоо бодоход энэ 3 зүйл бол Монгол хүний хамгийн үнэт 3 зүйл гэж би хувьдаа боддог. Хэл мөхвөл үндэстэн мөхдөг.
Хүний ойлгодог хэлээр ярихад тархи хүлээж авдаг. Хүний үндэсний хэлээр нь ярихад зүрх сэтгэл хүлээж авдаг гэдэгчлэн эх хэл бол тухайн үндэстний үнэт өв соёл юм. Өвөрмонголчууд Монгол хэл, бичиг тэр дундаа үнэт өв соёлоо авч үлдэхийн тулд хэрхэн тэмцэж байгааг хараад бахархаж, өрөвдөж, дэмжих сэтгэл өөрийн эрхгүй төрж байна. Бидний элэг нэгт ахан дүүс том гүрний бодлогыг сөрөн тэмцэж байхад бид өөрсдийн эх хэлээр зөв сайхан ярьж бичдэг байх хэрэгтэй гэж боддог доо. Өөрсдийн эх хэлээр бичиж, ярих нь хэнээс хараат бус тусгаар тогтносон хил, зааг газар нутагтай Монгол Улсын иргэн болж төрсөн нь туйлын их хувь заяа юм.
-Таны төрсөн нутаг болох Өмнөговь аймаг, өмнөговьчуудын талаар асуухгүй өнгөрч болохгүй л дээ. Танай нутгийн хөгжлийн давуу талыг уул уурхайгаас арай өөрөөр харж, төлөөлөх боломж байгаа юу? Өмнөговь аймаг руу чиглэсэн яг ямар бодлого төр засгийн зүгээс ч, орон нутгийн зүгээс ч дутагдаж байна гэж боддог вэ?
-Өмнөговь нутаг маань эртний үлэг гүрвэлийн өлгий нутаг юмаа. Тэр утгаараа аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр онцгой анхаарч ажиллаж байгаа. Тухайлбал, нутгийн брэнд арга хэмжээнүүдийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Мөн аймгийнхаа угталт, үдэлтийн хаалгыг хийсэн. Өмнөговь аймгийн тухай мэдээллийг бар кодоор уншуулаад мэдээлэл авах боломжтой болсон. Тэр ч бүү хэл урлаг өв, соёлын байгууллагуудаа дэмжиж орон нутагтаа үлэг гүрвэлийн олдвороос бүтсэн музейг барьж байгуулж байна.
Говь нутгийн ард түмэн малын ашиг шимийг орчин үеийн технологиор сайжруулж байна. Тухайлбал, Монгол Улсдаа тэмээний тоо толгойгоор тэргүүлдэг аймаг учраас ингэний сүү цагаан идээг боловсруулах, ЖДҮ эрхлэгч нарыг дэмжиж ажиллаж байгаа. Мөн гар урлал болон өв тээн уламжлан ирсэн уран дархчуудынхаа урлал хийцийг таниулан мэдүүлэх, борлуулан түгээх ажиллагаа аялал жуулчлалаа дагаад хөгжих боломжтой.
Дээр хэлсэнчлэн уул уурхайн гол мега төслүүд хэрэгжиж байгаа гэдэг утгаараа гадаргын усыг хамгаалах тал дээр анхаарах хэрэгтэй байгаа юм. Өмнөх 4 жилд УИХ-д сонгогдон ажилласан Л.Энхболд гишүүн маань энэ чиглэлээр хуулийн төсөл санаачлан өргөн барьсан байдаг. Орон нутгийн зүгээс ч энэ асуудлыг чухалчлан үзэж анхаарч ажиллаж байна.
-Монгол хүний ямар чанараар нь бахархаж, бас юунд нь шүүмжлэлттэй ханддаг вэ?
-Монголчууд бол нэгдэж чаддаг ард түмэн гэж боддог. Энэ нь Дэлхийг донсолгосон цар тахлын үед ард иргэд нь өөрт байгаа чадах бүхнээрээ Улсын болон аймаг, сумдын онцгой комиссдоо тусалж, хандив өгч байсан зэргээс харагдаж байгаа юм. Үүгээрээ ч дэлхийд гайхагдаж байна.
Гэтэл эсрэгээрээ зарим нэг төрийн албан хаагчид, өндөр албан тушаалтнууд албан тушаалаа урвуулан ашиглаж, авлига хээл хахуулийн хэргээр шүүхээс ял сонсч байгаад залуу хүний хувьд харамсаж байна. Илүү их зүйлд шунадаг, нийтийн эрх ашгаас илүү өөрийн ашгийг түрүүнд тавьдаг асуудалд шүүмжлэлтэй хандаж байгаа.
-Өмнөговь нутгийн зон олноос үлгэрлэх, бахархан дууриах зүйл мэдээж олон бий. Та хувьдаа нутгийнхаа ард түмний яг ямар зүйлээр нь бахархаж, омогшиж явдаг бол? Нэг ёсондоо өмнөговьчуудын татах хүч нь юунд байдаг гэж боддог вэ?
-Хөдөлмөрч, хичээнгүй, тэвчээртэй, халуун дулаан сэтгэлтэй говийн ард түмний дунд төрж, өсөж, ажиллаж, амьдарч яваадаа бахархдаг. Говь нутгийн ард иргэд бол эрт дээр үеэсээ элгэмсэг, зочломтгой, халуун дулаан сэтгэлтэйгээрээ алдартай байсан. Ангаж цангасан холын хүн очиход тогоондоо цай чанаад, гэрээ сул орхиод явдаг байсан. Ийм л найрсаг ард түмэн учраас газар газрын олон залуучууд говь нутгийг зорин ирж, суурьшин ажиллаж, амьдарч байна. Нутгийн залуус нутаг орондоо эргэн ирж, сурсан мэдсэнээрээ нутгаа хөгжүүлж, гар нийлэн хамтран ажиллаж байгааг харахад таатай байдаг. Улс орны хөгжилд иргэн бүрийн оролцоо маш чухал байдаг. Тиймээс ч говь нутгийн хөдөлмөрч иргэдийн хичээл зүтгэлээр Даланзадгад маань Монгол Улсын хоёр дахь том хот болно гэдэгт туйлын итгэлтэй байна. Нутгийн хөгжил залуусын сэтгэл, зүтгэлд бий.
-Тодорхой сэдвээр ярилцсан танд их баярлалаа. Таны зорилго, хүсэл мөрөөдөл биелэх цаг ойрхон гэдэгт итгэж байна. Амжилт хүсье.
Ярилцсан Д.Лхагвадорж