Монголын ахмадын холбооны Удирдах зөвлөлөөс Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан ахмад настнуудын санал хүсэлтийг уламжилсан ил захидал илгээсэн байна. Уг хүсэлтийг бүрэн эхээр нь хүргэе.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД, МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ТАНАА
Ахмад настнуудын санал, хүсэлтийн тухай
Монгол Улсын Ерөнхий сайдын явуулж ирсэн бодлого, үйл ажиллагаа, шударга ёс тогтоохын төлөө ил тод тэмцэж манлайлагч нөлөө өндөр байсны үр дүнд УИХ-ын ээлжит 8 дахь удаагийн сонгуульд МАН үнэмлэхүй олонх болж сонгогч олон түмний итгэлийг хүлээж Засгийн газраа дангаараа байгуулан ажиллаж байгаад нийт ахмадуудынхаа нэрийн өмнөөс Танд чин сэтгэлийн талархал илэрхийлж цаашдын ажилд нь өндөр амжилт хүсч байна.
Монгол улсын УИХ, Засгийн газар өнгөрсөн дөрвөн жилд Ахмад настнуудруугаа чиглэсэн хэд хэдэн чухал шийдвэрүүд гаргаж, Ахмад настны тухай, Насны хишиг олгох тухай хуулиуд батлагдаж, Ахмад настны тухай хуулиар нийт ахмадуудын эрх, нийтлэг ашиг сонирхлыг төлөөлөн илэрхийлэх үндэсний хэмжээний бүтэц, тогтолцоо бүхий “Монголын ахмадын холбоогоор ахмадын холбогдолтой төрийн тодорхой чиг үүргийг гэрээлэн гүйцэтгүүлж байх” тухай асуудлыг хуульчилж улмаар Засгийн газрын 2016 оны 124 дүгээр тогтоол гаргаж Монголын ахмадын холбоогоор гүйцэтгүүлэх төрийн чиг үүргийн хүрээг тогтоож Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Монголын ахмадын холбоотой жил бүр хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байгаа нь эрх зүйн чухал ач холбогдолтой шийдвэр болсон билээ.
Засгийн газрын 2019 оны 221 дүгээр тогтоолоор Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх асуудлаар Засгийн газрын гишүүд, Аймаг, нийслэлийн засаг дарга, төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, нийт байгууллагын удирдлагад тусгайлсан үүрэг даалгавар өгч, Нийслэл хотод “Ахмадын хөгжлийн ордон” байгуулах зураг төсөв, газар, холбогдох зардлыг 2020 оны нийслэлийн төсөвт тусган шийдвэрлэхээр уг тогтоолд заасан нь Ахмад настны тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд чухал нөлөө үзүүлж байна.
2020 оны эхээр ахмад настнуудын тэтгэврийн зээлийг тэглэх талаар шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлсэнд тэтгэврийн олон зуун ахмадууд талархал илэрхийлсээр байна.
Монгол улсын Засгийн газар 2019 онд “Ахмад настны хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийг баталж гаргасан бөгөөд уг хөтөлбөрийг сурталчилан хэрэгжүүлэх талаар төв, орон нутгийн ахмадын байгууллагууд идэвх санаачлагатай ажиллаж байна.
Төр, засгаас баталж гаргасан дээрх хууль, тогтоол шийдвэрийг цогцоор нь хэрэгжүүлж, эхлүүлсэн ажил, арга хэмжээ нэг бүрийг бүх түвшинд нэг ойлголт, нэгдмэл үйл ажиллагаагаар төрийн ажлын залгамж чанарыг хадгалж ажиллах явдал юу юунаас илүү чухал болж байна.
Тиймээс Монголын ахмадын холбоо удирдах зөвлөлөөрөө хэлэлцэн зөвшилцсөний үндсэн дээр Монгол улсын Ерөнхий сайд Тантай уулзаж ахмад настнуудын тавьсан дор дурдсан асуудлуудыг Таны анхааралд толилуулж, бодитой дэмжлэг туслалцаа үзүүлэхийг Танаас хүсэж байна. Үүнд:
1. Ахмад настнуудаас олон жилийн туршид тэтгэврийн зөрүүг арилгуулах талаар төр засагтаа удаа дараа асуудал тавьж ирсэн боловч өдий болтол шийдвэрлэгдээгүй байна. Монголын ахмадын холбооноос хийсэн судалгаагаар 10, 20 жилийн өмнө тэтгэврээ тогтоолгосон ахмадууд одоо тэтгэвэрт гарч байгаа хүмүүсээс сард олон арван мянган төгрөгийн бага тэтгэвэр авч байгаа бөгөөд энэ зөрүүг арилгахад 700 шахам тэрбум төгрөгийн нэмэлт хөрөнгө шаардагдаж байна.
Иймд тэтгэврийн зөрүүг арилгах, хэмжээг нь нэмэгдүүлэх талаар дараах зарчим баримталж ажиллахыг санал болгож байна:
1.1. Засгийн газраас тогтоосон тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоож тэтгэврийн зөрүүг арилгахад тухайн тэтгэвэр авагчид хэдэн төгрөг нэмж шаардагдахыг тогтоох
1.2. Тэтгэврийн зөрүүг арилгахад шаардагдах хөрөнгийг гаргахдаа 2010 оноос өмнө тэтгэвэр тогтоогдсон хүмүүсийн тэтгэврийн зөрүүг арилгахад онцлон анхаарах, ялангуяа 70 ба түүнээс дээш настай ахмадуудын тэтгэврийн зөрүүг 2021 оны нэгдүгээр улиралд багтаан бүрэн барагдуулах
1.3. Үнэ инфляцийн өсөлттэй уялдуулан бүх төрлийн тэтгэврийг нэмэгдүүлдэг зарчмаа хэвээр мөрдөх
1.4.Жил бүрийн улсын төсөвт зөвхөн тэтгэврийн зөрүүг арилгахад зориулж 200-аас доошгүй тэрбум төгрөгийг нэмж тусгах замаар 2021-2024 онд багтаан бүрэн шийдвэрлэх бодлого баримтлах
2. 2021 он бол түүхт ойнууд тохиосон нэн онцлог жил болж байгаагийн дотор Монголын ахмадын байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ой тохиох тул энэхүү түүхэн ойг тохиолдуулан “Монголын ахмадуудын улсын II чуулган”-ыг Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж, ахмадуудын өмнө тулгамдсан асуудал, цаашдын зорилтыг хэлэлцүүлж бодлогоо тодорхойлох
3. Нийслэл хотод “Монголын ахмадын хөгжил төв” байгуулах зураг төсөв, газрын асуудлыг 2020 онд бүрэн шийдвэрлэж, Геронтологийн үндэсний төвийн барилгыг 2021 онд ашиглалтанд оруулах арга хэмжээг 2021-2022 оны улсын төвлөрсөн төсөвт тусган бүрэн шийдвэрлэх
4. Ахмад настнуудын амьжиргааг дэмжих, орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэх зорилгоор тэдэнд зориулж ажлын байр нэмэгдүүлэхэд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн эх үүсвэрээс 20 хүртэл хувийг тусгайлан хуваарилж ахмад настнуудын хөдөлмөр эрхлэлтийг бодитой дэмждэг журам тогтоох
5. Орон гэргүй ахмад настнуудад “түрээслэн эзэмшээд өмчлөх” зарчмаар түрээсийн орон сууц олгох журмыг хялбаршуулж ахмад настнуудад оногдох квотыг 30-аас доошгүй хувьд хүргэх
6. Эрүүл мэндийн даатгалын сангаас ахмад настнуудад хөнгөлөлттэй үнээр олгох эмийн жорыг өрхийн эмнэлгүүд сарын туршид бичиж тухайн сардаа аль ч эмийн сангаас эмээ чөлөөтэй авах журам тогтоож, хөрөнгийн эх үүсвэрийг эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн сангуудад хүрэлцээтэй хувиарлаж, ахмадуудад чирэгдэлгүй үйлчлэх шуурхай арга хэмжээ авах
7. Монголын ахмадын байгууллагуудын интернет сүлжээ, техник тоноглол, материаллаг баазыг бэхжүүлэхэд гадаад, дотоодын хандив тусламж төсөл, хөтөлбөрөөр дамжуулж тусгайлан дэмжлэг туслалцаа үзүүлэх ялангуяа Ахмад настны тухай хуулийн 15 дугаар зүйл, Монгол улсын Засгийн газрын 2016 оны 124 дүгээр тогтоолыг үндэслэн Монголын ахмадын холбооны санхүүжилтийн хэмжээг Ерөнхий сайдын 2018 онд Ахмадын дээд, дунд шатны удирдах ажилтны зөвлөгөөний төлөөлөгчидтэй уулзах үеэр илэрхийлсний дагуу жилд 450.0 сая төгрөгт хүргэн нэмэгдүүлж, ахмадын байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх
8. Засгийн газрын 20190 оны 221 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх, орон нутагт ахмадын байр, ордон өргөө, танхим байгуулж тохижуулах, тэдгээрийг хэвийн ажиллуулахад тухай шатны Засаг дарга нараас бодитой туслалцаа дэмжлэг үзүүлэх, ахмадын байгууллагуудын үйл ажиллагааны зардал, идэвхтэн сонгуультны цалин урамшууллыг нэмэгдүүлэх талаар аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт чиглэл өгөх
Эдгээр асуудлыг Ерөнхий сайд Та анхаарлынхаа төвд байлгаж асуудал хариуцсан сайд нарт үүрэг чиглэл өгч, хэрэгжилтэнд хяналт тавьж Монголын ахмадуудын олон жилийн туршид тавьсан санал хүсэлтэнд бодитой хариу өгч дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллана гэдэгт гүнээ итгэж байна.
МОНГОЛЫН АХМАДЫН ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ. 2020.08.28