“COVID-19” халдварын шинэ тохиолдол болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүний тоо тогтвортойгоор буурч байгаа учир Нью-Йорк, Вашингтон хот хязгаарлалтын арга хэмжээг цуцлах хоёрдугаар үе шат руу шилжжээ.
Энэ талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.
Тэрбээр, ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Аданом дэлхийн хэмжээнд халдварын тархалт эрчимжиж байгааг онцлон хөл хорио хязгаарлалтын арга хэмжээг тархалтын нөхцөл байдалд нийцүүлэн авч хэрэгжүүлэхийг халдвар өргөн хүрээнд тархаж байгаа улс орнуудад анхааруулсан талаар мэдээлэлдээ дурдав.
Өнөөдрийн байдлаар, шинэ коронавирусний халдвар дэлхийн 216 улс орон, бүс нутагт бүртгэгдэж, 9 сая 186 мянган хүн өвчилж, 473 мянган хүн нас баржээ. Харин уг өвчнөөр өвчилсөн 4.9 сая хүн эдгэрчээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 124 мянган хүн шинээр өвчилсөн бол 3 мянга гаруй хүн нас баржээ гэж МОНЦАМЭ мэдээллээ.